ХҮРЭЭД ОЧИХ ЮМСАНДАА ХҮҮХЭД НАСАНДАА

2012 оны 06-р сарын 02 Нийтэлсэн Ч.Нямсүрэн
Хүүхэд насанд хүргэж өгдөг галт хэрэг хэрвээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гэж хааяа би боддог юм...
Монголын нэрт яруу найрагч З.Түмэнжаргал шүлэглэж, энэхүү шүлгээр бүтсэн дуу Монгол хүн бүрийн сонсох дуртай дууны нэг болсон. Нээрээ бодоход хүүхэд нас хамгийн гэгээхэн аз жаргалтай хором байдаг аж. Амьдралын хаалгаар дөнгөж алхан орж байгаа болохоор бүх л зүйл шинэ содон, гайхшрал төрүүлнэ. Түүнтэй танилцахын тулд хэрэндээ л хичээнэ, сонирхоно. Тэр хэрээрээ хүүхэд насанд нөлөөлсөн аз жаргал нэмсэн олон зүйл байдаг.
Намайг хүүхэд байхад “Монголын өсвөр үеийнхний аж байдлыг сайжруулах нь” төслийн Хүүхдийн эрх, оролцоо хөтөлбөр, МҮОНРадиогоор явдаг байсан “Хүүхэд насны галт тэрэг” радио жүжиг зэрэг олон төсөл хөтөлбөрүүд өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Учрах ёстой хүмүүс учирч, уулзах ёстой хүмүүс уулзах - ын ерөөлөөр хүүхэд насанд маань эрч хүч, ингэж л амьдрахсан гэх итгэл өгч байсан тэр л ид шидтэй гэмээр үйл ажиллагааг зохион байгуулж, санаачлаж байсан гайхамшигт хүмүүстэй уулзаж, өө та энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан юм уу? гээд л асуух болгондоо үнэхээр их аз жаргалыг мэдэрч хүүхэд насандаа эргээд очдог.
Ямартай л саяхан ЛГБТ ТББ-аас зохион байгуулсан нэг хурал дээр сурагч байхдаа “Бэлгийн боловсрол – 1, 2” номноос лесби, гей хүмүүсийн тухай мэдэж байлаа гээд л ярилаа. Миний дараа 1 эгч босоод миний хийж байсан зүйл хүрэх ёстой хүмүүстээ хүрсээр ирсэнд их баярладаг, тухайн үед “Бэлгийн боловсрол – 1, 2” номыг гаргахад гар бие оролцож байсан тухайгаа хэллээ. Тэрээр өсвөр насны охид хөвгүүдийн унших дуртай, дотны найз болсон ҮЕРХЭЛ сонины ЭРХЭМ ХУЛАН дугаарын зөвлөгч байжээ. Яг л тэр ярианаас би ч гэсэн өсвөр үеийнхэн, хүүхдүүдийнхээ төлөө маш сайхан зүйл хийхсэн гэсэн бодол төрсөн. Мөн нэг л сэтгэл өег болчих нь тэр. ЭРХЭМ ХУЛАН гэгч зөвлөгөөний буланг хөтлөн явуулдаг хүнийг харсандаа хачирхалтай оньс тайлсан мэт сэтгэгдэл төрлөө. 

2005 онд намайг 5-р ангид байхад МИНИЙ ПАСПОРТ аян хэрэгжиж, СӨУЗ-ийн үйл ажиллагаа идэвхжиж эхэлсэн. Мөн ХҮҮХДИЙН ЭРХ, БИДНИЙ ОРОЛЦОО хөтөлбөрийн хүрээнд хагассайн өдөр болгон сургалтанд сууж, ХҮҮХДИЙН ЭРХ-1, УХААЛАГ АМЬДРАХЫН УЧИР зэрэг номуудыг уншиж байлаа. Харин тэр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан хүмүүсийн нэг нь манай захирал байлаа. Тэр номнуудыг уншиж, сонирхож явсан болохоос биш түүний ард хэн байгааг мэддэггүй, сонирхдог ч үгүй байсан болохоор энэ бол жинхэнэ учрал тавилан гэж ойлгогдлоо.

Аливаа зүйлийн оньсыг тайлна гэдэг заримдаа их аз жаргал, заримдаа их утгагүй зүйл байдаг. Хүүхэд насны маань гэгээн дурсамжийг мөнхөлсөн, амьдралд маань алхам нээсэн тэр л ажлуудын ардах хүмүүсийг таньж мэдснээр маш их сэтгэл ханамж, эргээд хүүхэд насандаа очсон юм шиг мэдрэмж авч, нэг л сайхан санагдана. Энэ бол аз жаргал юм. Нийгэм хувьсан өөрчлөгдөж байгаагийн хэрээр өнөөгийн өсөн хөгжиж буй бяцхан дүү нарт маань оньсого мэт хэрнээ амьдралд нь зөв алхам хийх олон үйл ажил, төсөл хөтөлбөр хэрэгжээсэй гэх чин эрмэлзлэл төрж байна. Магадгүй үүнийг бүтээгч, арын албанд зүтгэгчийн нэг хэсэг нь би байхыг, түүний төлөө цаг зав, хөдөлмөрөө зарцуулахыг хүсч байна. Мөрөөдөл биелэх тэр мөчид Монголынхоо ирээдүйн хамгийн дотны нөхөр нь байх болно...

Comments