ОЛИМПИЙН МЕДАЛЬТНААР ОВОГЛОСОН ТАМИРЧДЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР


Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл Зуны 30-р олимп хаалтаа хийлээ. Ажил амьдрал буцалсан зуны налгар өдрүүдэд дэлхий ертөнц тэр чигээрээ нэг л зүйлд хамтдаа анхаарлаа хандуулж, нэгэн дээвэр дор амьдарч буй гэдгээ батлан харуулав. Спортын шилдэгүүдийн амжилтын баяр хөөртэй агшин, ялалтын торгон агшин, харууслын нулимс дэлхийн 7 тэрбум хүний сэтгэл зүрхийг хөдөлгөж, телевизийнх нь урд уяж чадлаа.
Дөрвөн жилийн өмнөх энэ өдрүүдэд анхны Олимпийн алтан медальтнаа өлгийдөн авч байсан Монголчууд Олимпийн алтан медаль өвөртөлж ирэхийн ерөөл өргөн 29 тамирчнаа мордуулж байсан нь саяхан. Хурдтай, хүчтэй, авхаалжтай, авьяастай, тэвчээртэй Монгол тамирчид зургаан тивийн шилдэг тамирчидтай эн тэнцүү өрсөлдөж, эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг Лондонгийн тэнгэрт тавантаа мандууллаа. Гэхдээ бид Олимпийн сүүлчийн өдөр хүртэл төрийн дуулал маань эгшиглэх мөчийг хүлээж байсан. Магадгүй жаахан чамлалтай ч байгаа байх.
Гэхдээ хөл нь бэртсэн хэрнээ аваргын төлөө барилдах гээд гарч ирж байсан Н.Түвшинбаярыгаа хараад, түүнийг үүрүүлэн бэлтгэлийн өрөөндөө орж байгааг, Монголын сэтгүүлчиддээ ярилцлага өгөхдөө уйлан зогсож байгаа дүр зургийг нь хараад өөрийн эрхгүй бахархаж, омогшиж билээ. Тэр бол Монгол түмний бахархал. Ямарсайндаа интернетийн нэг сайт дээр нэг иргэн – Энэ Түвшинбаяр намайг олон удаа уйлууллаа шүү гэж бичсэн байхав дээ.
Дөрвөн жилийн өмнө Монголын жудо бөхийн тамирсан Д.Нямхүү олимпийн хүрэл медалийн төлөөх барилдаанд харамсалтайгаар ялагдаж байсныг тодохноо санаж байна.
Хүслээр болдоггүй хорвоогийн
Хүрэн бөөрөнд наалдчихаад... гээд л би харамссандаа бичиж байлаа. Харин энэ жил энэхүү харуусал олимпийн хүрэл медалиар солигдож, омогшил баяр бахдалыг төрүүллээ. Монгол хүний хийморь лундааг өргөсөн бөхийн удамт айлын гал голомтыг залгасан С.Ням-Очир Монгол түмний олимп үзэх, олимпоос цааш дахиад олон медаль хүлээх хүлээлтийг бий болгож булган сүүлтэй байгаагаа харууллаа. Хэн ч харсан баяр бахдлыг мэдрэм нүүр дүүрэн инээмсэглэл, гарын хөдөлгөөн олимпийн медальтны омогшлыг харуулав.
Монголын чөлөөт бөхийнхний 32 жил олимпоос хүлээсэн медалийн буухиаг Арын сайхан хангайгаар овоглосон адтай, бяртай, алаг нүдэн бүсгүй С.Батцэцэг үргэлжлүүллээ. Миний нутгаас төрөн гарсан чөлөөт бөхийн анхны дэлхийн аварга эмэгтэй алтан соёмбот төрийн далбаагаа намируулан ард хүлээн суугаа олон түмнээ баярлуулж чадлаа.
Сүүлийн гурван олимпод боксын төрлөөр тасралтгүй оролцсон гэх тодотголтой, олимпын медаль л дутуу гэж спортын хорхойтнууд ярих даруухан хэрнээ авьяаслаг тамирчин У.Мөнх-Эрдэнэ Монголчууд олимпоос чөлөөт бөхийн төрөлд 32 жилийн турш хүлээсэн медалийн баярт мэдээтэй давхцан нутгийн рингэнд нутгийн тамирчинг ялж олимпийн хүрэл медалийн эзэн болж тамирчны алдраа өргөлөө. Хөдөлмөрч, даруу гэдгээр нь олон түмэн ам сайтай байдаг түүнд энэхүү алдрын тавцанд зогсох алтан боломж, амжилт тохиож амжилтын уухайнд нь Монгол түмэн бахархан баяслаа.
Монголчууд боксоор хичээл заалаа гэж 3 жилийн өмнө шуугиж байв. Дэлхийн аваргаас 3 медаль хүртсний дотор 19 настай Н.Төгсцогт багтаж, бид ч баярлан бахдаж байлаа. Бид дахиад л түүнээр бахархаж, олимпийн алтан медалийн төлөөх барилдааныг харан, амьсгаа даран оноо гарахыг нь хүлээн зогслоо. Арай ч хүрч чадсангүй. Түүндээ ч болоод тэр үү медаль гардахдаа уйлж байна лаа. Аргагүй ш дээ алтыг нь авчихсан бол гэсэн харуусал бас би Олимпоос медаль авчихлаа гэсэн бахдал байгаа учраас тэр. Монголынхоо төлөө хүчээ дайчлан тулалдана гэсэн түүний фейсбүүкийн хуудснаас жинхэнэ Монгол омогшилыг мэдэрч, манай залуус ч зуу зуун лайк өгч байв.
Ахиад олимп байхгүй шүүдээ гээд чөлөөтийн гавьяат тамирчин Б.Наранбаатарыг медаль аваагүйд харамсах сэтгэл төрөв. Гэхдээ амжилт, ололт ч бас эзэнтэй байдаг байхаа.
Монгол түмэн хүчтэй, Монголын тамирчид чадсан. Бид омогшиж бас бахархаж чадсан. Олимпийн медаль буухианд хүрэхийн төлөө 12 жилийн циклд амжилттай хөдөлмөрлөсөн У.Мөнх-Эрдэнийг, 8 жилийн циклд Монголын олимпийн амьд домог болсон Н.Түвшинбаярыг за тэгээд олимпийн наадмын баяр бахдлыг хараад сурч хөдөлмөрлөж, ирээдүйд тэмүүлж байгаа тэмүүлэлдээ улам их итгэл өвөртөллөө. Би төрийн далбаагаа олимпийн тэнгэрт мандуулах үүрэг хүлээгээгүй ч оюун ухаанаараа олон улсад танигдах үүрэг өвөртлөнө гэдгээ би өөртөө амласан.
Баяр бахдал, харамсал харуусал дагуулсан энэхүү өдрүүдээс хөдөлмөр зүтгэлийн хариу очих ёстой эзэндээ ирдэг гэдгийг нотлон харууллаа. Нэг улс, нэг баг байж чаддагийг бид бас харсан. Тамирчнаа тэмцээнд гаргачихаад сэтгэл догдлон зааварлан суугаа дасгалжуулагч, интернетийн сайтаар элэг нэгтнээ дэмжин омогшсон сэтгэгдлээ илэрхийлж суугаа олон залуус, нэвтрүүлгийн тайлбараа сэтгэл догдлон Монгол монгол гээд омогшин суусан сэтгүүлчид, олимпийн сонин хачин жиг жуг ярилцан байсан ард иргэд бид бүгдээрээ нэг баг байж, нэг л цохилт, нэг л мэхний төлөө хамтдаа байж чадлаа. Энэ бол бидний омогшил... /Энэхүү бичлэгийг 2012 оны 08 сарын 03нд бичиж байв./

Comments