СОРХУГТАНИ ХАТНЫ СУУ БИЛИГ БИДНИЙ ДУНД АЛДАРШСАН НЬ

2013-1-16
Сорхугтани дотроо “Нээрээ гар цуцахад ухаан юунд цуцах билээ”
 хэмээн эгчийнх нь үгийг эргэцүүлэн зогслоо.
Б.Сарантуяагийн  СОРХУГТАНИ ХАТАН романы хэсгээс

Сүүлийн жилүүдэд түүхэн хатдын тухай номнууд уншигчдын талархалыг хүлээж байна. Тэдгээрийн зохиогчид нь мөн л эмэгтэйчүүд. Эмэгтэй хүн болоод ч тэрүү эмэгтэй хүнийхээ тухай дотор нь орж бичдэг бололтой. Тэр дундаа Гэрэлтэй цонх-ын хэмээн алдаршсан Б.Сарантуяагийн СОРХУГТАНИ ХАТАН романаас төрсөн сэтгэгдлээ хуваалцаж байна.
Зохиогчийн тухай товчхон: Намайг бага байхад суманд ганц гардаг суваг нь Үндэсний телевиз. Тийм ч учраас Үндэсний телевизээр хэн гэдэг хөтлөгч, ямар нэвтрүүлэг хөтөлдөг, нэвтрүүлэг нь юуны тухай өгүүлдэг байсан гээд бүгд л хэдийн бидний танил болдог байсан. Хичээлдээ явахдаа Ну Погады-г Өглөө хөтөлбөрөөр үзээд үдэш унтахдаа маргаашийн зурхайгаа Гэрэлтэй цонх хөтөлбөрөөр үздэг байсан. Бидний телевизээр мэдээлэл авах, телевиз үзэн цаг өнгөрөөх дурсамж үүгээр л эхэлсэн. Тэдний дунд өдгөө бидний зохиолыг нь амтархан уншиж байгаа зохиолч Б.Сарантуяа Гэрэлтэй цонх хөтөлбөрөөр орой болгон уулздаг байв. Телевизийн хөтлөгч гэдгээр нь таних энэ хүний зохиолыг амтархан унших хүсэл тээн бас зарим нөхдийн санал болгосноор СОРХУГТАНИ ХАТАН романыг эхлүүлсэн билээ.
Мөнх хааныг хамгийн их боловсролтой хаан гэж уншиж байснаас биш тэр яагаад бусад хаадаас илүү эрдэм мэдлэгээрээ гайхагдаж байсан юм болоо гэж бодож байгаагүй юм байна. Энэ бол хатан ээжийн холыг харсан ухаан, эрдэм мэдлэгийг эрхэмлэсний ач гэдгийг энэхүү романд тодхоноо харуулжээ. Олон орныг эзлэн түрэмгийлэхдээ тэдний соёл, шашныг хүндэтгэн байсан их хааны холч ухаан алтан ургийнханы төрийн залгамж халаанд уламжлагдан байсан зэрэг олон асуултын хариултыг СОРХУГТАНИ ХАТАН түүхэн романаас авлаа.
Зохиогч Их Монгол улсын мандан бадрал, уналт, бутралын түүхэн цаг үеүүдэд төр засах, хүүхдүүдээ хүмүүжүүлэх зэрэгт шантралгүй зүтгэж эмэгтэй хүний уян зөөлөн, холыг харсан бодлогыг явуулж байсан Сорхугтани хатны суу билиг оршин байсны ачаар Их Монголын төр эзэнтэй байсныг, их хаадууд өөр хоорондоо тэрсэлдэн байхуйд Их Монголын төр хэрхэн ганхаж, зон олны амьдрал хэцүүхэн байсныг энэхүү зохиолд тодхоноо тусгажээ.
Товчхондоо:  Сорхугтани  хатны талаар өгүүлсэн боловч түүний амьдарч байсан цаг хугацаа, түүний амьдралын замнал Их Монгол улсын аугаа түүхтэй салшгүй холбоотой байжээ гэдгийг илэрхийлжээ. Энэ утга санааг урансайхны аргаар, түүхэн үнэнийг гуйвуулалгүй бидэнд хүргэсэн зохиолчийн уран чадварыг мөн дурдах хэрэгтэй.
Түүхэн зохиолын ач холбогдол уншигчдад түүхэн цаг үеийн үйл явдлыг уран зохиолын аргаар хүргэдэгт оршдог. Тиймээс ер нь зохиолчид түүхэн цаг үеийн үйл явдлыг уран зохиолын үг хэллэгээр уншигчдын хүртээл болгох нь ирээдүй хойч хүүхэд, залуус бидэнд түүхийг улам сонирхолтойгоор судлах, түүхийн үнэнийг мэдэхээр тэмүүлэх оюуны хийгээд үнэнийг мэдэхэд туслах томоохон ач холбогдолтой юм. “СОРХУГТАНИ ХАТАН” зэрэг уншууртай, үнэнийг өгүүлсэн олон уран зохиолын бүтээлүүд төрөн гарч зохиолчдын маань билиг оюун нь саруул, үзэг нь хурц байх ерөөл өргөе.

Comments