2011-12-12
Сэтгэл
судлалын шинжлэх ухаанд тусгах гэдэг ойлголт томоохон цөм судлагдахуун
нь болдог. Үүнтэй адилаар урлаг нь бүхний тусгал, эхлэл, тухайн соёлоос
төрөн гарсан, тухайн соёлоос түрүүлэн хөгжсөн байдаг зэрэг өргөн утга
бүхий ойлголт аж. Энэ ертөнцийн хүн төрөлхтөн уйлж гансрах, баярлаж
хөөрсөн агшнаа урлагаар л дамжуулан гаргаж, ирээдүй хойч, аж төрж буй
цагийнхаа оюуны өв соёлыг бүтээж байдаг. Хүний бүтээсэн, хүний гарын
урлал, хүний биеэ авч явж буй бүхэн урлаг байдаг гэж үзэж байна.
Магадгүй хүн бүр дээрх бүхнийг урлаг, урлагийн бүтээл гэж
хардаггүйгээрээ урлагийг ойлгох, урлагийн талаарх хүмүүсийн үнэлэмж,
мэдлэг, хандлага өөр өөр байгааг илэрхийлэх юм.
Урлагийг
аливааг харах өөр өнцөг гэж тодорхойлъё. Өөрөөр хэлбэл нийгмийн тогтсон
хандлагаас өөрөөр сэтгэж, өөрөөр харж өргөн агуулга бүхий бодомжийг
агуулж буй тэр зүйл бол урлагийн бүтээл. Түүнийг мэргэжлийн хүмүүс
гайхан биширч нандигнан хадгалж, аминаасаа илүүд үзэж байхад “Эд
мэдэхгүй хүн эдийн заяа гутаана”гэгчээр урлагийн мэдрэмж султай хүмүүс
энэ одоо юу вэ?иймэрхүү зүйл юугаараа гоё байдаг юм бол гэсэн
төсөөлөлтэй байдаг.
Хүн
төрөлхтний дундах хязгааргүй хэл бол гагцхүү урлаг юм. Урлаг тухайн
нийгмийн сэтгэлгээний толь, хүмүүсийн сэтгэлзүйн онцлогийг тусгаж байдаг
нь нэрт уран барималч, зохион бүтээгч Леонердо Да Винчи, зохиолч Лев
Толстой, Уильям Шекспир гэх зэрэг аугаа хүмүүсийн түүх намтрыг тухайн
үеийн сэтгэгчдийн тоонд зүй ёсоор багтдгаас харагдах юм.
Яагаад
Ерөнхий Боловсролын Сургуулийн түүхийн хичээл дээр тухайн үеийн түүхэн
үйл явц, нийгмийн амьдрал, урлаг, шашин гэсэн ойлголтуудыг тодотгон
харуулдаг вэ?гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Түүний товч тайлбар нь
урлаг бол ухаарал, ур ухаан, амьдралын бүтээл, ертөнцийг үзэх үзэл юм
хэмээн үзэж байна. Тийм учраас Ерөнхий
Боловсролын сургуулийн түүх, нийгмийн ухааны багш нар урлагийн өндөр
мэдрэмжтэй, урлагийн бүтээлийг хүндэлдэг хүмүүс байх ёстой юм. Харин
манай боловсролын тогтолцоонд урлаг гэдэг зүйл хүний сэтгэл зүй, оюун
санааны амьдралыг хөглөгч, тэмдэгтүүдийн тогтолцоо, түүнийг ойлгож
ухаарснаар өөрийнхөө сэтгэл зүрхийг тайвшруулах, дэлхий ертөнцтэй хөл
нийлүүлэн алхах зэрэг өндөр ач холбогдолтой зүйл гэдгийг таниулахаас
илүүтэйгээр энэ үеийн урлаг нь ийм ийм онцлогтой байлаа гэхчлэнгээр л
гаргадаг. Ертөнцийн талаарх төсөөлөл бүрэлдэж буй, аливааг шүүмжлэл,
өөрийн үзлээс хүлээн авдаггүй хүүхэд гэдэг эмзэг хэрнээ эрхэмсэг дэлбээг
бага байхаас нь л урлагт хандах хандлага, урлагийн мэдрэмж төлөвшүүлэх
нь маш том үүрэг юм.
Жишээ №1.
Хүмүүс гунигладаг, уйтгарладаг гэхдээ тэд дотроо бүхнээ хадгалж,
өөрийгөө шаналгаж сэтгэл зүйн тогтворгүй байдалд ордог. Тэдэнд дуу
сонсох, зураг сонирхох ердөө ч сонин биш. Гагцхүү өөрийнхөө асуудлыг
өөрөө л шийдэх гэж хичээдэг.
Жишээ №2.
Хүмүүс гунигладаг, гутардаг бүр уйлдаг. Харин тэдний байнгын хэрэглээ
болсон телевизээр тэдний сонирхдог дуучин, хамтлагийн дуу гарч байлаа.
Дөнгөж сая л гансраад, ганцаардаад, өөрийгөө үгүйсгээд сууж байсан
тэрээр нэг л сэргээд, өөх энэ нэээрээ гоё дуу шүү хэмээн дагаад дуулж
байх нь тэр. Урлаг хүнийг уярааж байгаа нэгхэн жишээ энэ.
Дээрх хоёр жишээг харьцуулан харахад: экстроверт
буюу харилцаа нь гадагшаа чиглэсэн хүмүүс стресс, сэтгэл зүйн хямралд
өртөх нь интроверт буюу харилцаа нь дотогшоо чиглэсэн хүмүүс урлагийн
гайхамшигийг олж харах, өөрийгөө хөглөх, өөрийгөө чөлөөлөх нь бага
байдаг юм болов уу гэсэн таамаглал надад байдаг.
Comments
Post a Comment