Харалган бодлын хойно юу хүлээж байгаа бол...

2011-4-11
Сүүлийн жилүүдэд Монголчууд бидний анхаарлыг байгалийн баялаг, түүний ашиглалт зүй ёсоор татаж байна. 2010 оны сүүлчээс бид эх орны хишиг хэмээн байгалийн баялагаас орж ирсэн хөрөнгө оруулалтын хүрээнд мөнгөн тэтгэлэг хүртэж байгаа. Бидний ойлголтоор өнөө маргаашийн хэрэглээг биш ирээдүйн сайн сайхны төлөө байгалийн баялагаас орж ирсэн мөнгийг зарцуулах нь зүйтэй юм.
Өнөөдрийн өөхнөөс маргаашийн өөх дээр гэгчээр дэлхийн дулаарал томоохон асуудал болж байгаа өнөө үед бид эх орныхоо байгалийн баялагийг зөв зохистой хэрэглэж, тухай бүрд нь нөхөн сэргээлт хийж байх нь дэлхийн дулаарлын эсрэг нэгдэж байгаа нэгэн хэлбэр юм. Үүнийг мэдэж байгаа хэрнээ өдгөө байгаль орчноо сэндийчэн, хаана л олборолт хийчих газар байна тэр болгонд олборолт хийгээд байгаа нь усны нөөцийн хомсдол, ургамал тачир ургаж, байгаль орчин бохирдох нэгэн үндэс болж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс л эх орны ирээдүйн амьдралд хүн ам аж төрөх таатай нөхцлийг хэвээр хадгалж үлдэх нь бидний өмнө тавигдаж буй томоохон үүрэг юм. Нүүдлийн мал аж ахуй Монголын хүн амын амьдралын эх сурвалж болсоор ирсэн манай орны хувьд нутаг сэлгэн нүүх малчид, мал амны устай, бэлчээрийн өвстэй байх нь хамгаас чухал юм. Мөн л байгаль, экологийнхоо төлөө зарласан дайны нөлөөгөөр ус, өвсний хомсдолд орж байгалийн тэнцвэргүй байдал алдагдсаар байгааг өгүүлэх юун.
Алт, нүүрс гэлтгүй ой модоо хайрлалгүй воган воганаар урагш, хойш нь ил, далдаар зөөж байгаа нь ирээдүй хойчоо бодолгүй өнөөдрийн төлөөх харалган бодол юм. Ийм л учраас бид өсвөр залуу үеийнхэндээ эх оронч сэтгэхүйг багаас нь төлөвшүүлэх нь зүйтэй юм. Мөнгө цагаан, нүд улаан гэгчээр эх орныхоо онгон догшин байгалийн баялагийг ачаад зөөвөрлөөд гарахдаа өр эмтрэхгүй байгаа иргэд, худалдаачид, өөрсдөдөө ашигтай гэрээ хэлэлцээр хийж, ард иргэдээ тэр чинээгээр доромжлон басамжилж байгаа зарим нэгэн эрх мэдэлтнүүдээс арай ч дээ, яагаад гэдэг үгийг цурхиран асуумаар санагдаж байна. Хэрвээ ил, далд хуйвалдааны үндсэнд бий болсон эх орны баялагийг хойш урагш гаргах, ухаж сэндийчих зэрэг нь удаан үргэлжилвэл тавин жилийн дараах амьдралыг төсөөлөхөд тун бэрхтэй байх болов уу. Бид эх орныхоо баялагийг зөв зүйтэй зарцуулж, хамгаалж чадахгүй бол юун глобал асуудал болох уур амьсгалын өөрлчлөлт, дулаарал ярих манатайгаа болох байх. Амьдралын үргэлжлэл эрүүл сэтгэхүйтэй, эх орондоо хайртай байгаасай л гэж чин сэтгэлээсээ хүсэх байна.
Дорнын их талаас Увсын цэнхэр хязгаар хүртэл сунан үргэлжлэх эх орны маань байгалийн үзэсгэлэн, баялаг биднийг тэжээгч гэдгийг их хотын төвлөрөлд хөглөрөн хэн боловч ойлгож байгаа. Гэсэн хэдий ч энэ түгжрэлтэй, бухимдалтай, хогтой, бохирдолтой хотдоо олшроод байдгийн учир юу вэ? Энэ нь нэг талаараа эх орны бүсчилсэн хөгжил муу, хөдөө орон нутагт хөгжил байхгүйтай холбоотой юм. Тийм учраас хөдөө орон нутгийн хөгжлийг сайжруулах, их дээд сургууль, үйлдвэржилтийг бүсчилэн хөгжүүлэх нь туйлын чухал юм. Монголчууд хөгжиж байна, хөгжлийн замдаа орсон гэдгийг үгүйсгэх аргагүй ч нийслэлээс зайдуу аймгуудын хөгжил маш муу байгаа нь хил хязгаар эзгүйрэх, ирээдүйд газар нутгаа гадныханд алдах эрсдэл дагуулж байгааг ч бид таашгүй. Үүний учир хот луугаа төвлөрөх биш, хөдөө орон нутагт хөгжил цогцлоох хэрэгтэй байгаа.  Эх орны баялагийг эх орны хишгээр дамжуулан нийт иргэддээ хүргэж байгаа нэртэйгээр сул мөнгө тарааж байхын оронд дээр дурдсан хөдөө орон нутагт тулгуур хотыг хөхүүлэн дэмжиж ард иргэдийг хот луу хийх их нүүдэл рүү хошууруулахгүй байх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй хэмээн үзэж байна.
 Сүүлийн жилүүдэд байгалийн баялаг гэх нэрийдлээр газраа сэндийчэн, гадныхны хөрөнгө оруулалттайгаар хаа сайгүй олборолт хийж байгаагийн дээр эх орондоо гадаадынхны гар хөл болж байгаа нь туйлын харамсалтай. Энэ тухай “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэгтэй ижил үйл явдал Налайхад өрнөж байна. Тус дүүргийн III хороонд орших Баялагийн хөндийгөөс гар аргаар нүүрс олборлодог 180 гаруй иргэн хоолгүй болохоо дөхжээ. Энэ хөндийд нүүрсний 30 гаруй ам бий. Дээрх хүмүүс эндээс нүүрс олборлож амьжиргаагаа залгуулдаг. Тэдний ажлын байр болсон нүүрсний амных нь цахилгаан эрчим хүчийг хятадууд долоо хоногийн өмнө тасалсан байна... ”[1]хэмээн сэтгүүлч Х.Болормаа хөнджээ. Эх орондоо эзэн нь сууж, эх орныхоо баялагийг өөрсдөдөө, ирээдүйдээ зөв зүйтэй, ашигтай захиран зарцуулж хүний амьдралын богинохон цаг хугацаагаа сэтгэл хангалуун байлгахсан.
Эцэст нь  дээр өгүүлсэнчлэн бид төр засгийнхан, байгалийн баялагийг ямар нэг хэмжээгээр ашиглан, хор хохирол учруулж байгаа хүмүүсийг буруутгах биш, энэ болгоныг мэддэг хэрнээ, ярих төдийгөөр л харамсдаг өөрсддөө бурууг өгөх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл бид эх орноо сэтгэлдээ хайрладаг шиг үйл хөдлөл, хамтралаараа харуулах хэрэгтэй байна. Энэ л цагт эх орон минь эрүүлжиж, ирээдүйд хөгжин дэвжих байх. Би эх орноо эзэнтэй болгомоор байна...
[1] Өнөөдөр сонин 2010.11.30 Мягмар №277\4140\

Comments