ШҮГДЭН хийгээд ЭРГЭЛЗЭХИЙН УЧИР

2012-11-15
...“Жинхэнэ эмэгтэй хүн ч иргэншил хүрээгүй уулын мухарт л үлдэв шив дээ” гэж бодохдоо түвд малчинд учиргүй атаархах шиг, нэг тиймэрхүү гансралыг мэдэрчээ...                                                                \”ШҮГДЭН” романы хэсгээс\

Амралтын өдөр энэхүү номыг амжуулаад уншаад дуусах гэж нэлээд шавдуу үзлээ. Гэрийнхэн бужигнаад, дүү нар уйлалдаад ном унших нэг л тухгүй байв.  Ямартаа л арай гэж унтсан дүүгийнхээ дэргэд номоо нүүрэн дээрээ тавиад хэвтээд өгье гэж бодлоо. Харин нэг мэдэхнээ номоо нүүрэн дээрээ тавьсан хэвээр унтаад өгсөн байв. Бүр зүүдлээд сайхан унтчихаж. Босоод бие нэг л сэргэг болчихсон. Сууж байтал гэнэт Сэржамц, Самдан гэх хүмүүсийг төсөөлөөд бүдэг бадаг харж байснаа саналаа. Энэ бол өдрийн цагийг ашиглан 30 минут унтахдаа уншиж байсан номынхоо гол дүрүүдийг зүүдэлсэн явдал байв. Ийнхүү зүүдлэн зүүдлэн, шунан шунасаар зохиолч Г.Аюурзаны “ШҮГДЭН” романыг уншиж дуусгалаа.
Энэ цагийн Монголчуудын зарим нь Г.Аюурзаны яруу найргийг уншиж байгаадаа өөрсдийгөө азтайд тооцох ёстой гэж ярьдаг юм билээ. Шүлэг, яруу найраг сонирхдог найзууд маань Г.Аюурзана, Өлзийтөгс нарын зохиолын уран тансаг, гайхалтайг бас магтдаг юм билээ. Өөрийгөө шүлэг бичдэг гэж хааяахан тоохдоо нээрээ л тэдний зохиолыг унших хэрэгтэй юм байна гэж хэдэнтээ бодож уншихаар зэхэж, оролдож, уншиж байснаа ч санаж байна. Өлзийтөгсийн “Нүдний шилэнд үлдсэн зураг” номыг ангийнхаа хүүхдээс зуны амралтаар хэрэг болгон хөдөө авч явчихаад уншиж байхдаа ойлгохгүй болохоор нь уншсан царайлаад авчирч өгч байсан. Гэхдээ би тэгэхэд бага байсан санагдана. 1-р курсэд байсан юм. Тэгээд хүмүүс уран тансаг, гайхалтай гэж байхад би ойлгохгүй байдаг гээд л гайхаж билээ. Сүүлд Г.Аюурзана гуайн орчуулсан “Сонгомол эссэнүүд”-ийг уншсан. Тэр үед бас л ойлгоогүй. Гэхдээ “Нүдний шилэнд үлдсэн зураг”-ийг бодохнээ дэвшилттэй байсан шүү. Ойлгох гэж хичээж уншсан, олон санаа авснаа бас санаж байна.
Саяхнаас зорин байж Г.Аюурзаны уранзохиолыг уншиж, залуустаа хөл нийлүүлье гэж бодлоо. Эрэл сурал болж байж, фейсбүүкийн номонд дурлагсдын фейж хуудсаар танилцсан надад номоо уншуулдаг болсон хуурай эгчээсээ алдарт “ШҮГДЭН” романыг аван уншсан маань энэ. Энэ удаад байдал өөр байсан гэхүү дээ. Зохиолчийн илэрхийлсэн санаа, тухайн дүрийн өгүүлэмж ойлгож ядаад байх биш уншууртай санагдсан. Ямартай л дүрүүд нь зүүдэнд хүртэл орохов дээ.
Далд утгаараа их гүрний шууд удирдлаган дор буй Өвөрмонгол ахан дүүсийн хавчигдмал, гадуурхагдсан амьдралыг харуулсан энэхүү зохиол бурхны шашны нэгэн ламын учир битүүлэг үхэл тохиосноор эхэлдэг. Учир битүүлэг үхэл учир битүүлэг хэвээр дуусдаг хэдий ч түүний учрыг олох гэж хичээсэн цагдаа Сэржамц дарга нарын харгис хатуу, хавчсан үзлээс болон хэргийг тэр чигт нь орхидог. Эцсийн эцэст зохиол дуусч, их зорилго тавьсныхаа үр дүнд би Г.Аюурзана гэдэг аугаа бичгийн хүний мэдлэгийн их далайн нэгэн хэсгээр аялж, уран тод хэллэг, зохиолыг хөтөлсөн бүх л дүр, учир битүүлэг шашны үзэл санаа, зан үйлийг санаандаа дүрслэн, яах болдоо гэсэн бяцхан догдлолыг өвөртөлсөөр байв.
Нэрлэшгүй, барьшгүй, чин хоосон учраас л барьж томъёолохын тулд бид аливаад нэр оноодог. Энэ номыг нэрлэсэн учир ч тийм... хэмээн зохиолын эхэнд мутарлажээ. Үүнтэй агаар нэгэн адилаар юуг хэлэхийг зорьсон, юунд хүргэхийг бодсон, хэнийг чухалчлан харуулахаар төлөвлөсөн зэргээр зарим нэгэн утга санааг ойлгоогүй хийгээд хүсж байсан төгсгөлийг уншаагүйдээ би энэхүү зохиолд сэтгэл хоргодсноо, түрхэн зуур юу болсныг санах гэж чармайж байснаа өгүүлэх юун. Бас энэ удаад ч гэсэн Г.Аюурзана зохиолчийн зохиолыг бүр түүрхэн ойлгосон юм болов уу гэж өөртөө дахин эргэлзлээ.


засварлах
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2012-11-17 -
Бичсэн: Зочин IP: 49.0.157.8 Монгол
Тийм шүү.Аюурзана үнэхээр их бодуулж, тархи толгой зүрх сэтгэл ажиллуулж байж ойлгогддог сайхан зохиолтой. Чи үнэхээр урамтай уншигч юмаа.
. Шууд холбоос . Засах . Устгах

2012-11-19 -
Бичсэн: Nyamsuren IP: 119.40.101.94 Монгол
Bayarlalaaa баярлах ирмэх баярлах
. Шууд холбоос . Засах . Устгах

Comments

  1. Сэтгэлээр унаж, юу ч хийж гавихгүй байгаа мэт санагдсан үедээ уншсан болохоор Шүгдэн надад их зүйлийг бодогдуулсан. Хүн энэ романаас өөрт тохирсон дүгнэлтийг олж авах юм шиг санагдсан шүү дээ. Магадгүй үндсэрхэг нэгэн нь Өвөрмонголын ард түмний аж амьдралын хөөрхийлөлтэйг олж харах бол над шиг нэгэн нь inner peace-ээ олж харах жишээтэй, хэхэ

    ReplyDelete

Post a Comment