Миний уншсан машид амттай ном...

2011-7-26

Өнгөрснөөс л одоо цаг үүсэлтэй тиймээс өнөөдөр
                                            Монголын аж амьдралд бие даан үнэлэлт дүгнэлт хийж сурах нь залуучуудад нүдээ нээж бодит
байдлыг танихад шийдвэрлэх үүрэгтэй.
С.Молор-Эрдэнэ 
Бидний амьдралын мөн чанар, нийгэм дэх асуудлуудыг ойлгомжтой, шинжлэх ухаанчаар бичсэн “Ухаан Ухамсар Эрдэм” ном нь олон талын ач холбогдол бүхий ойлголтуудыг агуулснаараа таалагдлаа. Мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй, мэдэхийг хүссэн хэрнээ мэдэж чаддаггүй чухал ойлголтууд бүхий “Ухаан Ухамсар Эрдэм” хэмээх ном орчин үеийн залуус бидний оюуны цангааг ийнхүү тайлж байгаад туйлаас баяртай байна.

“Ухаан Ухамсар Эрдэм” ном нь философи, сэтгэл судлал, улстөр, хэл шинжлэл зэрэг олон сеайнсын ойлголтуудыг нэг дор тодорхой, тайлбар баримттайгаар өгүүлснээрээ онцлог болжээ. Номын нэгээхэн хэсэгт Ардчилсан хувьсгалаас хойшхи он жилүүдэд Монголын нийгэмд гарсан өөрчлөлтүүд нь эртнээс уламжилж ирсэн соёлоо орхигдуулсан. Энэ нь оюуны хөгжлийн доройтлыг бий болгож байгааг тодруулан өгүүлжээ.
Зохиогч “Урлагийг үнэлж эсвэл цэгнэхийн хүмүүжил орчин үед нийгмийн тавцангаас арчигдсан гэмээр. Инээдэг л урлаг хөгжсөн.”[1]хэмээн гашуун үнэнийг тодруулан өгүүлжээ. Хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад нийгмийг хөгжүүлэгч, тухайн нийгмийн хөгжлийн онцлогийг тодорхойлогч нь урлаг, хэлбичиг, соёлын хөгжил байдаг. Энэ тухай өгүүлж уншигч залуучуудад өөрсдийн хүсэл сонирхол, үзэж сонирхож буй урлагийн салбар, урлагийг ойлгох, сонгодог урлагийг хөхүүлэн дэмжих нь зүйтэй гэсэн сэдэл, тэмүүллийг өгч байгаа юм.
Мөн тэрээр залуус бидний дунд буй нийтлэг алдааны тухай “Орчин үед залуучууд үргэлж л үлгэрийн мэт баян чинээлэг тоолж баршгүй мөнгөжихийг хүсж мөрөөдөх нь телевизийн ертөнцтэй л хамаатай. Тэд бэлэнчлэж, үнийг нь аль хэдий нь төлчихсөн бэлэн амьдралыг тэр дор нь нэхэж бас хүсж мөрөөдөж эхэлдэг. Ингэж бэлэнчлэх нь залуусыг үнэхээрийн амьдралаас холдуулж фантааз сэтгэлгээтэй болгодог.”[2]хэмээн өгүүлсэн нь “Ухаан Ухамсар Эрдэм” гэх мэт ахмад, дунд үеийнхний оюуны томоохон бүтээлүүдтэй танилцаж, тэднээс суралцах, амьдралыг өөрийн хүчин чармайлтаар босгох хэрэгтэйг сануулсан явдал юм. Зохиогч С.Молор-Эрдэнэ номондоо Монголчуудын нийгэм сэтгэлзүйн онцлогийг “Монголчуудын огцом хөдөлгөөн, хурдан давхих, хурдан зугатаах эсвэл хурдан дайрах гэх мэт тал нутгийн хурдан хөдөлгөөнтэй амьдралын чухал чанарууд нь эрт үеэс л залгамжлан иржээ. Тиймээс Монгол хэлний үгнүүд богинохон бас цомхон бүтээгдсэн болов уу. Үгийг тайлбарлах эсвэл өгүүлбэр хэлж нуршихыг тэр болгон хүсдэггүй гэмээр.”[3]хэмээн тодруулан гаргасан төдийгүй ийнхүү өгүүлснээ батлан номын бичилтийн хэлбэр, өгүүлбэрийн утга санааг нуршилгүй Монгол хүний нийгэм сэтгэлзүйд тохируулан, ямар ч насны хүн уншихад бэрхшээлгүйгээр бичжээ. Энэ нь уншихад дөхөм, уншигчдыг залхаахгүй, тэднийг улам татах юм.
Аливаа улс үндэстэн оршин тогтнохын үндэс нь тухайн улсын хэл бичгийн соёл байдгийг энэхүү номдоо өгүүлж эх орны хөгжлийн үргэлжлэл болсон залуус эх хэлээрээ зөв ярих, зөв хэрэглэх талаар тодорхой авч үзжээ. Тэрээр “Үгийн үнэ цэнэ буурч ирэхээр хөгшин ба залуу хүмүүсийн хоорондын харьцаа эвдэрдэг. Хөгшчүүд үгийг хүндэлдэг гэтэл залуучууд үгээр тоглож хэлний үнэ цэнийг алдагдуулдаг.”[4]хэмээжээ. Номын энэхүү хэсгийг уншиж суухад ээжий маань хэлдэг үг санаанаа тодхон орж ирж билээ.
-           Одооны хүүхдүүд гэж хэлж ярьж байгаа үгнүүдээс нь авахуулаад Монголоо алдсан... хэмээн ээж амандаа хэлдэг. Ээж маань аргаа барсандаа л энэ үгийг хэлдэг байж дээ гэж бодогдох шиг. Ер нь орчин үеийн залуус бид ардчилал, даяарчлал гэж хошуураад үндэсний гайхамшигууд, өөрсдийн хамгийн ойрын хүмүүсээ  хэлж ярьж буй үг, хийж буй үйлдлээрээ л ийнхүү холдуулж байгаа нь бололтой.
Нөгөөтэйгүүр дэлхийн сонгодог, дэлхийн аугаа удирдагч гэж хошууралгүй “Айлаас эрэхээс авдраа ух” гэгчээр Монголынхоо сэтгэгчид, эрдэмтэд, судлаачдын бүтээлийг уншиж судлах нь эх оронч үзэл, үндэснийхээ өв соёл, уламжлал, амьдралын хэв маягийг хадгалж өгөх үндсэн хүчин зүйл болох юм. Энэ үүднээс “Ухаан Ухамсар Эрдэм” ном Монголчуудын онцлог, түүх, хэл, соёл, хүмүүсийн ахуйг тусгасан томоохон бүтээл төдийгүй залууст ухаарал, бодрол дагуулсан, ухамсар, эрдэм хайрласан оюуны эх бүтээл ажээ. Уншигчийг сэдэв болгоноороо хөтөлсөн, өдөр тутмын амьдралын болон нийгмийн олон талт үзэгдлийг нийтлэг байдлаар тодорхойлсон оюуны бүтээлийг зохиосон эрхэм зохиогчид талархан “Ухаан Ухамсар Эрдэм” дор мөргөмүү.
 “Хүний оюуны уранбүтээлүүд нь хүмүүст тэжээл болж бас урагшаа түлхэц өгөх түлхүүр нь гэж нэрлэмээр”[5] С.Молор-Эрдэнэ өгүүлжээ. Үүнлүүгээ түүний бичсэн “Ухаан Ухамсар Эрдэм” ном надад оюуны томоохон хөрөнгө оруулаад зогсохгүй, ертөнцийг таньж мэдэх эрлийг маань хурцаллаа.

[1]  С.Молор-Эрдэнэ Ухаан Ухамсар Эрдэм. УБ.,2006 124 тал
[2]   С.Молор-Эрдэнэ Ухаан Ухамсар Эрдэм. УБ.,2006 125 тал
[3]   С.Молор-Эрдэнэ Ухаан Ухамсар Эрдэм. УБ.,2006 51 тал
[4]  С.Молор-Эрдэнэ Ухаан Ухамсар Эрдэм. УБ.,2006 56 тал
[5]  С.Молор-Эрдэнэ Ухаан Ухамсар Эрдэм. УБ.,2006 118 тал

Comments