САЙН БАЙНА УУ?

Сайн байна уу? гэж
Сайхан Монгол хэлээр
Амар байна уу? гэж
Амгалан Монгол хэлээр мэндчилье гэж сурагч байхдаа захиа бичдэг байв. Он цаг өнгөрөх хэрээр энэ хөөрхөн дурсамжууд маань мартагдсаар дахиад л нэгэн шинэ онтой золголоо. Блогоор дамжуулан өөрийн үзэл бодол, шүлгээ бичиж багаасаа нөхөрлөсөн тэмдэглэлийн дэвтэр маань төдий л утга учиргүй болсон байна. Энэ нь нэг талаараа дэвшил боловч гараар бичихээс залхуурах, тэмдэглэлийн дэвтэр дэлгэж сууж байхаар нөтбүүкээ дэлгээд сууя гэсэн бодолтой минь шууд холбоотой. Хэдий тийм ч би тэмдэглэлийн дэвтэртээ үнэнч байхаар шийдэж 2013 он гарахад САЙН БАЙНА УУ? 2013 ОН МИНЬ гэж бичиж байгаад шинэхэн тэмдэглэлийн дэвтрээ эхлүүлээ. Тэмдэглэлийн дэвтрийн цэвэрхэн юу ч бичээгүй хуудас 2013 онд амжилтаар минь, амжилтын тухай бодролоор минь, хааяахан үзэглэх шүлгээр минь дүүрнэ гэдэгт итгээд дэвтрээ хаалаа.

Comments