Мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрч төгссөн тэнхмээрээ бахархсан тэр нэгэн өдрийн мэдрэмж


2007 оны 07 сарын эхээр би насан туршдаа Монгол Улсын Их Сургууль гэх их эрдмийн өргөөгөөр овоглох эрхээ олж авсан юм. Төгсөх ангийн сурагч болсон тэр л өдрөөс хойш би энэ л сургуульд орохын төлөө нойроо хугаслан, хоолоо хагаслан зүтгэсэн. Бэрхшээлийн цаана бэлэг гэгч үгийн үнэнээр хүссэндээ хүрч, элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, МУИС-д сурах эрхийн бичиг гардсан. Тэр дундаа сэтгэл судлалын ангийн оюутан болсон. Улстөрч болно гэж мөрөөддөг байсан ч хуваарь авах тэр л мөчид би сэтгэл судлалын ангийг сонгосон. Харин улстөр судлалын ангийг миний ард жагссан банди авч билээ. Би гэнэтхэн ийм шийдвэрт хүрсэндээ гайхаа ч үгүй, бас эргэлзээ ч үгүй.
Оюутан болсноос хойшхи он жилүүд харвасан сум шиг өнгөрч, олон олон амжилтуудыг гаргаж, тэр хэрээр би мэргэжилдээ дуртай болсон. Халуун дотно уур амьсгал бүхий эрдэмтэн багш нартай, тэрхэн хэсэгтээ булагнаад танилцах өдөрлөг, спорт өдөрлөг, эрдэм шинжилгээний хурал гээд олон үйл ажиллагаанд сэтгэл нэгддэг байсан авъяаслаг, ухаалаг, хөдөлмөрч залуустай тэнхимдээ би улам их татагдах болов. Доод курсынхан эгчээ гэж, дээд курсынханыг ахаа эгчээ, танайхан манайхан дээрээ тулна. Гэхдээ л МУИС-ийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны оюутнууд аминчхан, тэнхмийн байрлалаас болоод ч тэрүү тэрхэн хэсэгтээ тусгаар тогтносон тийм л хамт олон байдаг. Бид мэргэжлийнхээ онцлогийг мэдэх, мэргэжлийн хичээл лавшрах тусам хэн нь хэн, хэн нь ямар онцлогтой гээд өөрсдөөсөө сэтгэл судлал хэмээх гайхалтай шинжлэх ухааны үнэ цэнэ, хэрэгцээ шаардлагыг мэдэрдэг болсон.
Ийм л дотнохон байсан болоод ч тэрүү сургуулиа төгссөнөөс хойш тэнхмийнхэнээ, багш нараа, оюутан насны найзуудаа санаж, хааяахан тэнхмээрээ ороод гарахад дэндүү дотнохон санагддаг юм. Тэр л өдрүүдийн нэг нь  тэнхмийн эрхлэгч бидэнд Монгол Улсын Их Сургуульд сэтгэл судлаач мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ойн урилга өгсөн явдал байв. Энэ тухай төсөөлөө ч үгүй явсан надад гэнэтийн бэлэг байлаа. Ой дөхөх тусам сэтгэл хөдлөн, олуулаа уулзах тэр л мөчийг хүлээсний эцэст 2013 оны 3 дугаар сар 1нд МУИС-ийн Эрдмийн танхимд СССХУ-ы тэнхмийн 20 жилийн ой талархалтай, оюунаа уралдуулсан, олноороо цугласан, дурсамжтай, дуутай болж өнгөрлөө. Юуны түрүүнд Монгол Улсад сэтгэл судлаач бэлтгэх их үйлсийн эхлэлийг тавьсан МУИС СССХУ-ы тэнхмийн багш доктор, профессор Б.Туяа тэргүүтэй эрдэмтдээр бахархах сэтгэл төрж, өнөөдрийн МУИС-ийн СССХУ-ы тэнхмийн хүндэт эрдэмтэд миний хайртай багш нар Г.Сарантуяа, Л.Уранцэцэг, Ш.Эрдэнэчимэг, Ж.Даваа, М.Нарантуяа, Ш.Батболд, Б.Золзаяа болон энэхүү тэнхимтэй ажил амьдралаа холбосон эрхэм хүмүүсээр бахархах сэтгэл төрж байсан юм. Төгсөгчдийн халуун дотно, оюутан насаа дурссан омголон, оюунлаг яриаг сонсоод төгссөн сургууль, тэнхим, мэргэжлээрээ бахархаж, мэргэжилдээ жинхэнэ эзэн болсон, чадварлаг сэтгэл зүйч болох их хүсэл маань улам ихээр оволзсон юм. Мөн ирээдүйн сэтгэл зүйчдийн түүчээ болсон хүсэл эрмэлзлэл дүүрэн, гал цогтой дүү нарынхаа авъяасыг бишрэн гайхаж, энэ чинь л манай тэнхмийнхэн шүү гэж хэлмээр омголон сэтгэл төрж билээ.

Энэхүү ойн арга хэмжээ бол Монгол улсын сэтгэл судлалын шинжлэх ухааны эхлэлийн 20 жилийн дурсамж, алдаа оноогоо дэнсэлсэн амжилтын ой байлаа. Бидний мэргэжил нэгт нөхөд, ах эгч нар, дүү нар бүгдээрээ энэхүү түүхийн гэрч нь хийгээд багш нар маань энэхүү шинжлэх ухаанд биднийг төрүүлсэн эцэг, эхчүүд минь гэдгийг өгүүлж сэтгэл судлалын шинжлэх ухааны гайхамшигт ертөнцөд аялан буй хэн бүхэнд амжилтын дээдийг хүсье.

Comments