МИНИЙ МЭДСЭН ХОРВОО

2013-2-13

Ангилал: Миний тухай
          Сумын сургуулийн сурагч байхдаа би маш их сэтгэл хөдлөлтэй, тэмүүлэлтэй, том мөрөөдөлтэй охин байлаа. Жижигхээн тэмдэглэлийн дэвтэртээ дууны үг бичээд, өөрөө шүлэг зохион, сонин дээрээс оддын зураг хайчилж наагаад л баахан цуглуулгатай. Одоо харахнээ тэр бүхэн амьдралын маань хамгийн жаргалтай мөчүүдийн нэг. Даалгавраа хийгээд л явж байвал надад үүрэх хариуцлага, санаа зовох зүйл байхгүй. Амьдралыг их мөрөнтэй зүйрлэвэл хамгийн тунгалаг, дөлгөөн урсгал нь бага нас байдаг байж. Харин өдөр хоног, он сар явах тусам хүн суралцаж, сурснаа мартаж, суралцахыг хүсж, тэр хэрээр бодолтой, сайн муу хүнтэй таарч, хааяа бүр арайч дээ гэж хэлмээр ч өдөр байх.

Миний мэдэх гэж тэмүүлсэн, миний мэдэхийг хүссэн хорвоо энгийн хэрнээ үнэнч хөдөлмөр, итгэл үнэмшил дээр тогтсон, үүрэг хариуцлагаа ухамсарласан үнэхээр сайхан гэж хэлмээр тийм л ертөнц, тийм л амьдрал. Жаргалтай байгаагаа бусаддаа хуваалцаж чаддаг, жаахан алдсныгаа түшээд босгочихдог, үнэнч хөдөлмөрөөрөө үр ачаа өсгөж хүмүүжүүлдэг, эхнэр нөхөртөө үнэнч, хэн нэгнийхээ улыг шагайж хойгуур урдуур муу хэлдэггүй, хайртай дуртай гэж нэгнийхээ сэтгэлийг хөдөлгөчихөөд хэнэггүй, юу ч болоогүй юм шиг алга болдоггүй гээд амьдралын үнэн, шударга, аз жаргал бүхнийг би мэдэхийг, мэдрэхийг хүссэн. Гэхдээ миний мэдэхийг хүссэн шиг, мэдрэхийг хүссэн шиг бүх зүйл сайхан, үнэнч байдгүйг би мэдсэн. Тийм учраас би ч гэсэн мэдэхийг хүсээгүй зүйлийнхээ бүтээгч нь болоод, гар бие оролцоод явж байгаа байх. Жаахан харамсмаар. Гэхдээ хорвоо, амьдрал намайг үүнд түлхсэн.
Миний мэдсэн хорвоо заримдаа хүйтэн хөндий, уйтгарлам, ганцаардмал байдаг. Тэнгэрт наран өглөө болгон манддаг шиг, саран орой болгон ургадаг шиг л ирдэг, буцдаг, ээлжилдэг, солигддог хорвоо. Бүтээдэг, туурвидаг, бүрэлддэг хорвоо. Бодохнээ хүний сайхан, үнэнч сэтгэл, авьяас, хайр сэтгэл дээр тогтдог хорвоо. Хайраас ургасан хүүхдийн дуу хоолойнд уярдаг хорвоо. Тиймээ миний мэдсэн хорвоо миний мэдэхийг хүссэн, мэдрэхийг хүссэн тэр л мэдрэмж хийгээд мэдэхийг хүсээгүй сайн муутай сүлэлдсэн юм билээ.

засварлах
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2013-2-13 -
Бичсэн: gandolgor IP: 103.9.90.254
saihan blog neejee. amjilt
. Шууд холбоос . Засах . Устгах

2013-2-14 -
Бичсэн: Nyamsuren IP: 119.40.101.94 Монгол
Bayarlalaa баярлах хайртай тормолзох
. Шууд холбоос . Засах . Устгах

Comments