Өсгөлүүн амьдралд өөрийгөө бэлтгэсээр...

2010-12-30
 Хөдөлмөр хүнийг бүтээсэн хэмээн Энгельс өгүүлжээ. Хөдөлмөр нь тэр дундаа оюуны хөдөлмөр бүхнийг бүтээгч байдаг. Би энэ амьдралаас сурч мэдэх, мэдлэг оюунаа өргөтгөх оюуны их хөдөлмөрийг хүсэмжилж, хүсэл эрмэлзлэлийнхээ эзэн нь байхыг зорин тэмүүлж явна. Ийнхүү хүсэл эрмэлзлэлийнхээ төлөө хөдөлмөрлөх, өөрийгөө идэвхжүүлэхэд намайг хурцалж, сургаж, шүүмжилж өсгөлүүн амьдрал өөд урагшлах эх үндсийг тавилцсан эрхэм хүмүүс болон  өөрийн хүсэл эрмэлзлэлийнхээ талаар энэхүү эссэндээ өгүүлэх болно.

Эрч хүчийн энерги түгээгчид:
                    I.                        Хайраар өлгийдөж, халаар хүмүүжүүлсэн ижий минь.
Сайнуу ээжээ. Саяхан зохиогдсон эссэний тэмцээнд охин нь хоёрдугаар байранд ороод хэмээн ээждээ сонирхуулан ярилаа. 500км-ийн цаанаас намайг харуулдан суугаа ижий маань дээрх мэдээг сонсоод за баярлалаа. Миний охин ээжийгээ баярлуулж байна шүү хэмээн утасны цаанаас хоолой зангируулан хэллээ. Ээж маань намайг сайн яваа гэдгийг дуулаад баярласандаа нулимс унагаж байна. Би хариуд нь ээжээ би улам их хичээнээ хэмээгээд утсаа тавилаа. Багаасаа л олон нийтийн ажил, хичээл сургууль, тэмцээн уралдаан гээд ээжийнхээ ажилд тус бага хүргэдэг байсан отгон охин нь ээжийгээ ингэж хааяахан баярлуулж урмын үг сонсчихоод л урагшаа харан, их эрч хүчтэйгээр сайн сайхан амьдралын төлөө алхана. Намайг хүсэл мөрөөдлөө биелүүлэх, хүссэн зүйлдээ хүчээ сориход миний ээж  маш их дэмждэг байсан. Харин зарим хүүхдүүдийн ээж аав хүүхдийнхээ хүсэл эрмэлзлэл, сонирхож байгаа зүйлийг тэгтлээ чухалчладаггүй байсан нь тэдний ярианаас харагддаг байсан юм. Ээж, аав дургүйцээд, ээж аав эмч бол гээд хэмээн хуучилж байхыг олонтоо сонссон. Харин малын зах харж амьдрал ахуйгаа залгуулж ирсэн миний ээж чадаж л байвал миний охин сурч мэдэхийн төлөө явах хэрэгтэй гэдэг байсан. Ямар сайндаа л хотоос ирэхэд нь тэтгэврийн бүх мөнгөөр нь “Сурагч”, “Англи хэл” зэрэг өөрийнхөө уншдаг сонин сэтгүүлүүдээ захиалсан байхад ээж мөнгөө хэрэгтэй зүйлд зарцуулсан бол яахав дээ хэмээн налайгаад сууж байсан. Би ийм л ээжтэй, ийнхүү намайг сонсож, ойлгож, дэмждэг ар гэртэй болохоор өнөөдөр сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх чин эрмэлзлэл тээгээд хурдтай алхсаар байна.
                 II.                        Амралтыг огоорсон андууд
Амралтын өдрийг ажралгүй сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх гээд манай залуусын цөөнгүй хэсэг нь эрч хүчтэй яаран алхана. Нийгэм олон нийтийг хамарсан кампанит ажил, оюутнуудын дунд зохиогддог тэмцээн уралдаан, сургалтууд ихэвчлэн амралтын өдөр болдог болоод ч тэрүү залуусын хувьд амралтын өдөр ажлын өдөр мэтээр үргэлжлэнэ. Өөрийнхөө хөгжлөөс нийгмийн хөгжил эхэлнэ гэдгийг ухамсарлан, сайн сайхан бүхний төлөө тэмүүлж яваа тэд маань дэндүү эрч хүчтэй, элэгсэг дотно, ирэх өдрүүдийн их бүтээн байгуулагчид. Ийм л залуусын дунд сурч мэдэх, судалгаа шинжилгээ хийх, сайн дур, нийгэм олон нийтийн ажилд оролцож явна. Тэдгээр залуус маань зогсолтгүй хөдөлмөрлөж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж байдаг болохоор өөрийгөө тэдний хаана нь явна, амьдралын эрч хүч авах, хийж бүтээх шинэ санаа төрөх, санал бодлоо хуваалцах, өөрийгөө идэвхжүүлэх, урамшуулах үндэс нь болж өгдөг. Амьдралаас би ийм л хамт олон, ихийг хийж бүтээж, өөрийгөө илэрхийлэх боломжийг олж харсан. Хүнийг найз нөхдөөр нь тань хэмээн нэгэнтээ өгүүлжээ. Намайг хүн шиг хүн, хүсэл тээсэн иргэн болох үндсийг бүрдүүлж байгаа бүтээлч нөхөдтэй болохоор би бие сэтгэлийнхээ гүнд аугаа ихийг тээн амжилт өөд тэмүүлж явна.
 Хүсэл мөрөөдлийн өөд. Зүүний үзүүр дээр будаа тогтохтой адил хувь заяагаар хүн болж төрдөг хэмээн ярьдаг. Тиймдээ ч энэ амьдралыг утга учиртай, эргээд харахад харамсах зүйлгүй өнгөрөөх нь миний туйлын зорилго. Хичээлийнхээ завсар зайгаар эссэ, илтгэл бичих гээд ном сонин уншаад, олон нийтийн ажил зохион байгуулах гээд завгүй гүйж байгааг харсан зарим найз нөхөд маань чи ядрахгүй байна уу?, чи үнэхээр бие сайтай юмаа хэрвээ би байсан бол аль хэдийн сунаад унасан хэмээн гайхдаг юм. Харин хүссэн зүйлээ өөрийнхөө сайн дураар хийж байгаа болохоор надад ердөө ч төвөгтэй санагддаггүй. Мөн миний сонирхож байгаа, цагаа гарган хийх зүйл байвал бага гэж хэзээ ч голдоггүй ийм ч учраас өөрийнхөө сонирхсон зүйлээр хөөцөлдөн, өөрийгөө завгүй байлгаж байгаа миний амьдралын хэв маяг хэзээ ч давтагдашгүй, гайхамшигтай. Өдөр болгон өөр хүнтэй таарна.  
Саяхан өөрийнхөө явж байсан төрийн бус байгууллага, оролцож байсан үйл ажиллагаануудаа харсан чинь Монголын нийгэмд залуусын дунд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бүх л байгууллагатай ямар нэг байдлаар холбогдсон, тэдний үйл ажиллагаанд оролцсон байсан. Би хэзээд бүхэнд сэтгэлээсээ хандаж, түүндээ цаг заваа гаргаж, хүмүүстэй харилцах харилцаандаа чин сэтгэлээсээ байхыг эрхэмлэдэг. Нийгмийн олон талт үйл ажиллагаануудад өөрийн бичсэн эссэ, илтгэлүүддээрээ идэвхийлэн санал бодлоо илэрхийлж, өөрийн сонгосон мэргэжлийнхээ сайхныг олж харан, өөрийнхөө байх ёстой газрыг, өөрийнхөө гүйцэтгэж чадах ажлыг хөөцөлдөж, цаг мөч бүхэнд өөрийгөө эрэлхийлж байгаагаараа би бүхнй эхлэл болдог .
2007 оны 6 сард ахлах сургуулиа төгсөхдөө сургуульдаа зөндөө хоргодоод уйлж байлаа. Сурч мэдэж их үйлсэд хөтөлсөн ачит багш нар, намайг дэмжиж тусалдаг найз нөхөд, надад хөгжил дэвшил, хүсэл мөрөөдөлдөө үнэнч байх чин эрмэлзлэл, өөрийгөө таньж мэдэх алхмыг нээж өгсөн сургуульдаа, мөн амжилтын мөн чанарыг таниулсан сурагч насандаа хоргодож байсан. Харин би үзэл бодлын орчлонд өөрийгөө олж мэдэх, өөрийнхөө хүчийг сорих их боломж олгосон оюутан насандаа мөн хоргоддог. Ийнхүү шат шатны сургуулиудаас шинжлэх ухааны мэдлэгүүдээ аваад зогсохгүй, хүн болох хөгжил, төлөвшил авч хүний мөс чанарыг олж харж, өөртөө төлөвшүүлсэнд маш том давуу тал оршиж байгаа юм. Тиймдээ ахархан ч гэсэн миний амьдрал ийм л баялаг, эргэн харахад амжилтын дурсамж давамгайлдаг. Гэхдээ найз нөхөд, хамт олон, гэр бүлийн хүрээндээ энгийн нэгэн байхыг эрмэлзэж, итгэл найдварын очийг бадраадаг.
Нөгөөтэйгүүр миний амьдралд дутуу байсан бүхэн миний амжилтын үндэс, өөрийгөө зоригжуулах, дутуугаа гүйцээх, нөхөх нэгэн шалтгаан болж байсан. Өрх толгойлсон олон хүүхэдтэй эхийг минь янз бүрээр хэлэх хүмүүс, үе тэнгийн хүүхдүүдийн аав гээд бахархан ярьж байсан дүр, сэхээтний гэр бүлээс гарсан ангийн хүүхдүүд, хөдөө килеметрийн цаанаас цасан шуурганаар төвд байдаг шүү гэж бусдад харагдахуйц сургуульдаа гүйдэг, ямар ч үед тасалдаггүй  байсан сурагч насны маань гэгээн дүр бүгдээрээ надад хатуужил, аливаад тууштай хандах, тэвчээртэй амьдрахад минь сургасан. Амьдрал надад аз жаргалыг, амжилтыг, хагацал зовлонг нэгэнтээ мэдрүүлсээр байгаа болохоор ямар ч нөхцөл байдалд уян хатан, эерэг шийдвэр гаргаж амжилтанд тэмүүлэх болно. Би чин сэтгэлийн угаас өөрийгөө хөгжүүлэн, мөрөөдлөө хүсэмжлэн, түүнийгээ биелүүлэх нөхцлийг бүрдүүлэх үүднээс маргаашид бэлтгэгдэж байна. 


Сэтгэгдлүүд

2010-12-30 -
Бичсэн: dadido IP: 180.235.179.54 Монгол
эрч хүчтэй хүмүүс сайхан шүү
. Шууд холбоос . Засах . Устгах

2011-7-7 - tanihgui bolovch chamaar baharhaj bna
Бичсэн: Зочин IP: 202.70.38.66 Монгол
алга ташилт
. Шууд холбоос . Засах . Устгах

2011-7-18 - Bayarlalaa
Бичсэн: Nyamsuren IP: 203.169.50.62 Монгол
баярлах тэврэлт
. Шууд холбоос . Засах . Устгах

Comments