ДОТНО ХИЙГЭЭД ТАНИЛ БУС МЭДРЭМЖ


....Зэвтэй хадаасаар зай завсаргүй цовдлуулчихсан юм шиг тэр царайн дээгүүр хөлс ч биш, цус ч биш хатсан гуашьны үлдэгдэл дээр ус хийгээд орхиход тийм болдог шиг уй гуниг, цөхрөл харуусал, ямар ч тамиргүй болсон хорсол хилэн л олон олон өнгөөр урсаж байгааг Бүжээ сурагчдынхаа дэвтрийг шалгаж байгаа бага ангийн багш шиг тов тодорхой олж үзнэм...
...Залуу байхад харвасан сум шиг хурдан өнгөрдөг байсан хугацаа өтөлснөөс нь хойш өөрийнх нь алхаа шиг удааширсан ч гэсэн энэ орой бүр чулуужаад хөшиж орхисон юм шиг хөдлөх шинж алга....
                                                  Д.Оюунчимэг “Хайрын домог” өгүүллэгээс
            
Зохиолч, яруу найрагч Д.Оюунчимэгийн “Тэнгэрийн цаг болоогүй” бүтээлийн түүвэрт орсон тууж, өгүүллэгүүдийг цаашид яах болдоо гэсэн их хүлээлттэйгээр уран үгсийн чуулганд нь согтууран байж уншиж дуусгалаа. Уншигчийн сэтгэлийг зохиолын сонирхолтой өрнөлөөс гадна уран цэцэн хэллэг, оновчтой дүрслэл, адилтгалаар гаргаж чадсан нь Д.Оюунчимэг зохиолчийн уран чадвар аж.

Энэхүү түүвэрт багтах “Холын хүн” өгүүллэгийг уншиж байхдаа нөхөр нь үл хайхардаг өгүүлэгч бүсгүйг өрөвдөн харуусч байсан ч “Холын байх тусмаа л дотоод мөн чанарынхаа ялгаран буй илч дулаанаар бие бие рүүгээ зүтгэн тэмүүлж, хамгийн сайн мэдрэлцдэг ч байж болох шүү дээ... хэмээн төгсгөлийн хэсгийн гаргалгаанд сэтгэл баясан “Нээрээ л хол юм шиг хэрнээ, ойр хүн амьдралд байдаг шүү” гэх бодол төрж билээ.
Удаах “Ус шиг цэнхэр зэрэглээ” өгүүллэг бол залуу халуун насны хайр сэтгэл, бие биедээ татагдсан хэрнээ хэзээ ч татагдаж, таалснаа хэлж байгаагүйгээсээ болоод төөрөлдсөн хоёр хүний харилцан яриа өрнөх ч хүний дотоод сэтгэлийг хөндсөн, уншиж дуусмагцаа хөнгөн гунигт автаж бал, цаас барьж аваад юу ч юм бичмээр, багынхаа дурлалыг бодоод бодлогоширон хэвтмээр мэдрэмж өглөө.  Ийнхүү өөрт төрдөг мэдрэмжээ өрөөл бусдын тэр дундаа зохиолчийн уран санаагаар авна гэдэг уншигч надад жаргал санагддаг юм. “Тэнгэрийн цаг болоогүй” тууж, өгүүллэгийн түүврийн бүтээлүүд таньд тийм л дотно хийгээд танил биш мэдрэмжийг өгөх буй заа...

Comments