НҮҮДЭЛ ДАГАСАН САНААШРАЛ

Хоёр хүүхдийнх нь сургууль орсноос хойш Хандмаад хачин уйтгартай санагдах болов. Уулсын оройд цагаан хяруу унаж, бэл талаар усан хяруу унасан намрын өглөө хэдэн үнээгээ шувтрахаар гарахад удаан гэгч нь дээш хөөрөх нарны илч буурч цаанаа л нэг жихүүхэн байгааг анзаарчээ. Хөвөнтэй цэнхэр дээлийнх нь хормой хөлд гишгэгдэж, шарлаж гандсан цахилдагны үзүүрийг шүргэн алдахуйд үл ялигхан дээш өргөөд бүсээ чангалав. Хандмаа хойд энгэрт зэрэглээтэх бараан зүсмийн адууг хараад “манай хэд ороод ирчихээ юү дээ, ингээд л ойр хавь байгаад байвал аштай юу байхав” гэж бодохуйд мал хуй гэж мориноос буух завдалгүй яваа ханиа өрөвдөх шиг болж “эвий дээ, миний муу хань. Хоёр хүүхдээ сурч мэдэг гээд зарж ч чадахгүй юм даа. Манай энэн шиг үр хүүхдээ бүгдийг нь сургууль соёлын мөр хөөлгөчихөөд морин дээр амьдралаа өнгөрөөж байгаа хүн энэ голд л алга. Нэг бодлын ханийн маань ч зөв. Хоёр хүүхэд минь хоолоо өөрөө олоод идчих хэмжээнд хүрчихвэл аштай юу байхав. Манай голынхон тэгэж ирээд их бүдүүн бараг улс юмаа. Хот, хөдөөгийн аль алинтай нь байхыг мэддэггүй. Хэдэн малаа л маллаж байвал амьдрал болчихлоо гэх юм. Эрэгтэй хүүхдээ савсал хийвэл мал дээр гаргачих юм, тэд нар нь том болоод энэ хавиасаа л лав эхнэр авна гэж худлаа боллоо. Бөөн л үе тэнгийн залуучууд...” гэж элдвийг эргэцүүлэн бор гунжныхаа дэлэнг шувтрах үед гарын хуруу дэлэнгээс хөндийрөхүйд л хүйт оргин, жихүүцэж байлаа.
Үнээн зэлэн дээрээс ирж явах үед хажуу хотны Амараагийнх намаржаадах гэж байгаа бололтой хэдэн сар гэрээ манаж зогссон цэнхэр портортоо гэрээ ачаалж байлаа. “Энэ хотныхон нүүчихээр бид хоёр л энүүхэн эндээ торойж үлддэгээрээ үлдэх нь дээ. Амараагийнх намаржаадна гэж ярихгүй байсан юунд ингэж яарч нүүх болсон юм болдоо.” гэж ганцаараа ярисаар гэртээ орж ирэхэд Гэрэлт нойрмоглон:
- Хүрэн морь аргамжаан дээрээ байна уу? гэж асуув.
- Байнаа, байна. Амараагийнх нүүнэ гэж ярьж байсан юм уу? Гэрээ ачааллаж байгаа бололтой. Хажуу хавирганыхан нүүгээд дууслаа шүү хөгшөөн гэхэд Гэрэлт
- Нүүх нэг нь нүүж л байхаас гэж хэлээд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөв.
Нар ханын толгойноос дээшлэх үед Хандмаа гэр орноо цэвэрлэж, сүүгээ хөөрүүлчихээд хэдэн тугалаа туухаар гарахад Амараагийнх ачааллаж дуусаад арагш хөдөлж байлаа. Халтар банхар нь машины хойхно талд шогшиж, саяхан л цэмбийсэн цагаан гэр харагдаж байсан бол бууц нь бараантан харагдана. “Энэ хавьдаа бид хоёр л үлдлээ дээ. Хоёр хүүгээ ирэхээр нүүдэл хийж, айл амьтан бараадах байгаа” гэж бодов. Хар утаа суунаглан хойд хөндийгөөр бараа нь үл харагдан алга болж байгаа нүүдлийн айлыг хараад “Одооны нүүдэл ч амар болжээ. Өглөөний нартай уралдан гэрээ ачаалж, хэдэн үхрээ хөллөхөд халтар нохой маань их баярладаг байж билээ. Аав минь өндөр хээрээ унаж, нүүдлийн эхний тэргийг хөтлөөд гарахад мөн ч сүртэй харагддагсан” гэж бага насныхаа нүүдлийн гэгээн дурсамжийг эргэн санав.

Амараагийн машины утаа хойд хөндийд үл харагдан балрах үед сумын төврүү явдаг төв зам дагуу их ачаатай цагаан проентер утаа сунаруулан хөндөлдөн гарч ирэх нь харагдана. “Мөн л нэг айлын гэрийн бууц харлан хоцорлоо доо” гэх бодол төрөхүйд дагаад л нүүмээр санагдах хөнгөн гуниг сэтгэлийг нь эзэмдэв. Хандмаа нүүдэл дагаж эвгүйрхсэн сэтгэлээ аргадах гэж энэ тэрийг хийж нэлээд сатаарав. Гэртээ нэлээд саатаад халтар гөлгөө хооллохоор гарахдаа алсыг саравчлан харвал хонгор морио шогшуулсаар Гэрэлт арын хамрыг даван ирж байлаа.  
Улаанбаатар хот
2017.11.12

Comments