ЗАМ

Манай гэрийн ойр хойш өгсдөг төв зам байж билээ. Машины дуугаар гэрээс гараад харахаар зам өгсөөд явах машины ар тал, утаа нь харагдаад өнгөрнө. Би бяцхан оюун ухаандаа энэ машин хаашаа явж байгаа юм бол гэж их гайхаад өнгөрдөг хөдөөний охин байлаа. Уртаар үргэлжлэх замаар явах машин, түүн дотор яваа хүмүүс хаа нэг хязгааргүйд очих гэж байгаа юм шиг санагддаг байж билээ.

Өглөө номын сангаас гараад байрлуугаа алхаж явахдаа сургуулийн хүрээний нарийн гудмаар зогсоо зайгүй зөрөх оюутнууд, сэвэлзүүр салхинд найгасан модны мөчрүүдийг хараад бага насныхаа замын тухай дээрх дурсамжийг эргэн саналаа. Бага байхад гэрийн хажуугийн тэр урт зам хаа хүрч, тэр замаар яваад ямар газар очдог гэдгийг мэддэггүй байсан болохоор тэр замаар явсаар байгаад шал өөр ертөнцөд очих юм шиг л бодол төрж, оюун ухаандаа төсөөлдөг байв. Одоо бол харин энэ нарийн замаар яваад сургуулийн хашаанаас гарч, дахиад өргөн замаар гараад хойшоо явахад худалдааны газруудтай таарна гэдэг ч юм уу ч замын талаар, өөрийгөө болон заримдаа өөр бусдыг хаа хүрэхээр явж байгааг мэддэг болж.
Эрдмийн зам, амьдралын зам гэх мэтчилэн хаа нэгтээ хүргэх замаас гадна маш олон замуудыг дурдаж болох юм. Зам бүхэн биднийг хаа нэгтэй хүргэж, зам бүхэн бидэнд нэгэн шийдэл өгдөг учраас зөв зам сонгох ёстой. Эсвэл зөв гэхээсээ илүү адал явдал, ухаарал, ололт авчирсан замаар явах нь илүү өгөөжтэй. Тийм ч учраас миний өнөөдрийн явж байгаа зам бол олон мянган залуусын сурч боловсрох хүсэл эрмэлзлэл тээж, номын санд нойр хоолоо хасан сууж эрдэм өвөртөлсөн их сургуулийн зам.

Хязгааргүйд үргэлжлэх унаган нутгийн минь зам зэрэглээтэн шаргалтаж намайг тосдог учраас миний багын дурсамжит он жилүүд, миний эцэг эх, ахмад настнаасаа суралцсан уламжлал бүхэн надад хадгалагдаж байгаа юм. Ирээдүйд тэмүүлэх, сурч боловсрох, хүн шиг хүн байхын төлөөх их хүсэл маань эрдмийн замд татсан болохоор надад шантрах эрх байхгүй.
Зам хязгааргүй үргэлжлэх ба замаар явж буй хэн бүхэн зорилго, бодол өвөртлөн яаран алхана...


2016.04.23
Хөххот 

Comments