ҮНЭН МӨНИЙ ЭРЭЛ БУЮУ ӨВГӨН БУУРЛУУДЫН МААНЬ ЗҮТГЭЛ



...Хүн бүхэнд дотоод хүрдэн бий. Дотоод эрчим хуйлрах долоон хүрдийг бол ноёнтон та мэднэ шүү дээ. Түүнд л хамаг учир байгаа юм. Хүмүүн элдэв муу юм бодох, бас үйлдэх, амандаа бэлгэгүй чалчаа дэмий юм ярихад сэтгэл нь хиртээд ирэхээр дотоод цагийн хүрд нь хямраад олон амьтны хямарсан дотоод хүрдний нөлөөгөөр гадаад цагийн хүрдэн болох газар тэнгэр, од эрхисийн орчил хөдөлгөөнд бас хямрал үүсдэг юм. Ингэхээр хур бороо цагтаа орохоо байгаад, хуй салхи босч, өвчин турхан гараад байгаа нь түүнтэй л холбоотой. Ном буяны үйлсийг дэлгэрүүлээд, олон түмнээрээ түүнд даган баясаад сэтгэл сайхан болж ирэхэд хямарсан гадаад цагийн хүрдэн тэгширч буцаад өөрийн хэмэндээ ордог юм. Ийнхүү хүн амьтан төдийгүй лус баясаж хур бороо орж цэцэг навч тэргүүтнээ дэлгэрүүлэн мишээж байгаа нь тэр болой.
Г.Мэнд-Ооёо Гэгээнтэн роман 56-р тал
Бидний дунд Дулдуйтын Равжаа гэдгээрээ алдаршсан ноён хутагт, тавдугаар гэгээн говийн их Данзанравжаагийн тухай гайхалтай бүтээл төрөн гарсан нь өнөө цагийн аугаа их бичгийн хүн Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” роман ажээ. Их говийн ноён хутагт Манж Чин Улсын алс хязгаар болсон байсан Монголчуудаа соён гэгээрүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр болж нэмэр оруулсан төдийгүй өнөөгийн бидний үед түүний сургаал, номлол бүтээл өвлөгдөн ирсэн нь хэдэн зууны турш Монголчууд биднийг оюуныг тэжээж байгаа хүн гэдгээр зүй ёсоор нэрлэж болох юм.
Их гэгээнтний номлол сургаал бидэнд ирэхэд нэлээдгүй саад бэрхшээл туулсныг О.Түдэвийн хүүрнэл харуулах юм. Манжийн дарлалаас салж, автономит эрхтэй болсон Монгол улс, цаашлаад анхны үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо баталгаажуулсан Монгол улс, залгаад их хэлмэгдүүлэлтийн 1937 оны үед их гэгээнийхээ оюуны их өв соёлыг хадгалж үлдэхийн төлөө өөрийгөө үл анзааран зүтгэсэн гэгээний тахилч Түдэв өвгөний гэгээн дүр бидний Монголчуудын аж ахуйч, ажилч хөдөлмөрч, үнэн сэтгэлтэй сайхан буурайн дүрийг тод харуулна. Түдэв гуай гэгээнийхээ сургаал, номлол хойчийн их гал голомтыг сахиж үлдээхийн төлөө тавхан наснаас нь хатуу, хөтүүг, зөв сайхныг зааж өөрийн зээ хөвгүүн Алтангэрэл хөвгүүнийг бэлтгэнэ. Энэ бол аливаа зүйл залгамж, халаатай байх ёстой, тэр нь тасралтгүй бэлтгэгдэх ёстойг харуулж байгаа юм.
Угтаа Түдэв гуай Алтангэрэлийг гэгээний тахилч төдийгүй, эх орондоо бэлтгэжээ гэх сэтгэгдэл номыг уншиж дуусах үйл явцад төрж билээ. Түдэв бол эх орон, ирээдүй хойч үедээ гэгээнтэнийхээ амьдрал ахуй, бүтээл туурвилыг өвлүүлэн үлдээх чин хүсэлтэй аугаа их сэтгэлтэн хүн байж, тэр хүн байснаар бид гэгээнийхээ үнэлж баршгүй оюун санааны их бүтээлүүдийг уншиж байна. Эндээс сайн зүйл байлаа ч түүнийг үргэлжлүүлэн судлах, хайрлаж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зүйл байхгүй бол хэдий сайн байгаад ч нийтийн дунд түгэж чадахгүй нь харагдаж байна. Харин бидний өмнөх үеийнхэн аугаа их Ц.Дамдинсүрэн, номын өгүүлэгч Түдэв нарын зэрэг оюун ухааны мундагчууд төр нийгмийн ороо бусгаа цагт, их гэгээний оюун санааны өв соёлыг хамгаалаагүй бол, тэдний их хөдөлмөр зүтгэлийг судлан зохиолч Г.Мэнд-Ооёо энэхүү романаа туурвиагүй бол гэгээнтний оюуны их цан хөвөргөөс мэдэхгүй л өнгөрөх аж.
Сүүлийн үед уншсан бүтээлүүдээс энгийн үг хэллэг, эрт эдүгээгийн талаарх оюун санааны сайн сайхныг олж харсан үнэхээр гайхалтай бүтээл гэж энэхүү романыг нэрийдмээр санагдлаа. Бидний ахмад үеийнхэн ирээдүйн сайн сайхны төлөө, үнэн мөний төлөө нэгэн сэтгэлээр ханддаг байжээ, өвгөн буурал ахмадууд минь та бүгдийнхээ гэгээн мэлмийд мөргөе. Харин бид юуг ирээдүйдээ үлдээх ёстой вэ? уншигч авхай таньд энэ асуултыг үлдээе.

Comments