АХМАДЫН АСРАМЖААС...

       Төв аймгийн Мандал сум, Батсүмбэр дахь ахмадын асрамжийн газар. Өдгөө Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв нэртэй болж. 2015 оны 1 дүгээр сар 24 ны өдрийн байдлаар 121 ахмад энэхүү төвд амьдарч байна. Энэхүү асрамжийн газрын тухай тэнд амьдарч буй ахмадуудын тухай нийгэмд янз бүрийн хандлага байдаг. Зарим бизнесийн байгууллагууд болон хувь хүмүүс тэдэнд эд материалын дэмжлэг үзүүлдэг. Энэ нь бас тэдний нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлж, үүгээр дамжуулан олон нийтийн дэмжлэгийг авах гэсэн далд зорилготой байдгийг дурдах юун. Яг үнэндээ бол заримдааа тэнд амьдарч буй хөгшид зарим хүмүүсийн нэр хүндээ өсгөх, нийгэмд сайн сайхнаар хүлээн зөвшөөрөгдөх бамбай болдог. Олон янзаар гэрэл зургийг нь авч, өөрсдийн сурталчилгаандаа хэрэглэж энэхүү асрамжийн газрыг тэдгээр хүмүүсийг нийгэмд дэндүү өрөвдөлтэй мэтээр харуулах сонирхол ч байдаг. Харин энэ удаад миний бие Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийн өнөөгийн нөхцөл байдал, ахмадуудын тухай арай өөр өнцгөөс өгүүлэхийг хүслээ.
 Цас шажигнаж, уур савссан өвлийн нэгэн өглөө үүр цайхтай зэрэгцэн бидний хэдэн залуус Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвд очлоо. Хорвоогийн нэгэн өглөө эхэлж байгаатай зэрэгцэн энэхүү асрамжийн төвийн үйлчлүүлэгчид ч мөн босж, өглөөний цайндаа орохоор уван цуван цайны газраа орж ирлээ. Хэдий бидний танил биш ч гэлээ хүн хүнээ гэх сайхан сэтгэл, мэндтэй устай явахын жишгээр найр тавин тэдэнтэй мэндлэхэд цаанаа л нэг дотно мэдрэмж төрөхийн зэрэгцээ өрөвдөх сэтгэл төрж байлаа. Гэхдээ яагаад тэднийг өрөвдсөн нүдээр харах ёстой вэ? гэж ахмадуудын төлөөлөлүүдтэй уулзсны дараа бодогдох болсон юм.
Шашны танхим
Сэтгэлзүйчийн хувиар ахмадуудтай яриа өрнүүллээ.
Тэнд амьдарч буй хүмүүс бүгд л өөр өөрийн шалтгаантай очсон. Нийтлэг шалтгаан нь ар гэрт нь асарч халамжлах хүнгүй болсон явдал. Зарим нь олон жил айлаар явж байгаад энэхүү асрамжийг сонгосон хүмүүс тэндээ маш сэтгэл хангалуун амьдарч, тэд өөрсдийн сонголтондоо сэтгэл хангалуун байна. Харин юуг нь ч ойлгож, юуг нь ч мэдээгүй байж анхны сэтгэгдлээр хараад тэднийг өрөвдөх сэтгэл төрснөө бодоод тэднийг өрөвдөх биш, тэд ч гэсэн бидэнтэй л адилхан хүн шүү гэж бодоход сэтгэл уужрах шиг болж билээ. Нөгөөтэйгүүр тэнд амьдарч байгаа хүмүүсийн дийлэнх нь тулгуур эрхтэн эсвэл сэтгэцийн хувьд ямар нэгэн эмгэгтэй, тэр ч үүднээс гаднаас нь харахад маш өрөвдөлтэй харагддаг. Гэсэн ч тэдэнд өөрсдийн гэсэн ертөнц, туулж ирсэн амьдралын замнал бий.
Дээр өгүүлснээрээ аливаа байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүсийн тусламж үйлчилгээ тэдэнд хэрэггүй гэж хэлэхийг хүсээгүй бөгөөд харин тэднийг олны итгэлийг авах бамбай битгий болгоосой хэлэхийг хүссэн юм. Эд материалын тусламж үзүүлж, зургийг нь аваад явахдаа гол нь биш өөрсдийгөө илэрхийлж, бас залуу үеийнхэндээ сургах гэсэн сургамжийг нь сонсож байгаасай гэж уриалахыг хүссэн юм. Яагаад гэвэл тэд ч гэсэн бидэн шиг залуу байж зарим нь эх орны бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмрээ оруулж явсан билээ.

Comments