МАСКТАЙ 365+? ХОНОГ

МАСКТАЙ 365+? ХОНОГ

Энх цагт энх амьдрах юутай таатай байсныг хүн хүнээсээ дайжиж, хүн хүнээ хардах цаг дор ойлгов. Ковид 19 өвчин Хятад улсын Ухань хотод гарч эхлэх үед хэн ч дэлхий нийтээрээ энэ өвчний өмнө өвдөг сөгдөнө гэж төсөөлсөнгүй.


2020 оны 01 сар. Төрсний дараах тасагт дөнгөж өлгийдөж авсан бяцхан хүүгээ тэвэрч зогсох дор масктай ээж, нацилкан дээр түрүүлэн орж ирэв. Тэрээр хүүгээ өхөөрдөн тэврэхдээ зогсолтгүй ханиалгана. Энэ ээж яагаад маск зүүснийг сая ойлголоо. Хагалгаагаар төрсөн ээж ханиалгах ямар хэцүү гэдгийг манай ээжүүд ойлгож байгаа байх. Масктай ээж байн байн ханиалгах ба хааяа бүр хагалгаагаа даран нумран унана. Маргааш нь масктай ээжийн өөдөөс харсан орны ээж өнөөх ханиадыг нь авсан байлаа. Өөд өөдөөсөө харан ханиалгах тэднийг харах тоолонд хагалгаа нь задарчихвий дээ гэх айдас төрнө. Бяцхан нярайнуудынхаа уйлахтай зэрэгцэн ханиалгах ээжүүд маань өдөржин, шөнөжин маск зүүнэ. Энэ давчуу өрөөнд 24 цаг масктай байх ямар хэцүү байгаа бол гэж мөн надад бодогдоно.  Азаар миний өөдөөс харсан орны ээж, бид хоёр тэр ханиадыг зооглолгүй эмнэлгээс гарлаа.

Эмнэлгээс гарахад намайг урьдынхаас шал өөр ертөнц угтах нь тэр. Төрөх эмнэлэг явах зам битүү түгжирч, арай гэж очиж байсан атал хоёр, гуравхан хоноод эмнэлгээс гарахад гудамж талбай хүнгүй мэт эзгүйрч, хүмүүсийн ихэнх нь маск зүүсэн байв. Айдас төрөх нь тэр. Манай хүн гарч орох тоолондоо гараа ариутган, маскаа солин зүүнэ. Мөн телевизээр өглөө бүр ковидын талаарх мэдээ өгдөг болсон байв. Хүйдэст автаж эхлэв. Ковидын айдас, хүйдэс, төрсний дараах сэтгэл гутрал зэрэгцээд БИ өөр ертөнцөд түр саатаад ирсэн мэт мэдрэмжийг авч байлаа...

2021 оны 03 сар. Хоногийн 24 цаг давчуу өрөөнд маск зүүж байсан өрөөнийхөө хоёр ээжийг масктай хэцүү байгаа байхдаа гэж бодож байсансан. Гэтэл тэр цагаас хойш 1 битгий хэл 2 давхар масктай өдөржин, шөнөжин байх зайлшгүй шаардлагатай нүүр тулсаар 1 жил, 2 сар буюу 425 хоножээ. Энэ хоногуудад хүн төрөлхтөн бид олон зүйлийг өөрчилж, бас олон зүйлтэй нүүр туллаа. Сүүлийн үеийн мэдээгээр дотоодын халдвар нэмэгдэж, Европын зарим орнуудад өвчний гуравдугаар давлагаа эхэлсэн байна. Гэхдээ л тун удахгүй маскаа тайлна гэдэгт итгэж л сууна даа...

Comments