ХӨХӨӨРӨӨ ХАТСАН ӨВСӨӨС ХӨХ ТУУЖИС РУУ...

“Хөөрхий дөө, өрөвдмөөр амьтан юм. Буурал сортой болтлоо юуны төлөө зүтгэсэн юм бол доо? Ард түмэндээ мөн ч их “хайртай” байх даа. Гэхдээ өндөр цалинтай ширээндээ, яг тодорхой хэлбэл, өөртөө илүү хайртай юм. Сандал унаж бус, алх барьж зүтгэсэн бол ийм байхгүйсэн. Эрхэм дээд үзэл, ёс суртахуунаас хомсдох өвчин хүнийг хадны завсар хавчуулсан хараацайн дэгдээхэй болгодог юм байна даа....”
                                             Д.Норов Тэжээвэр туужийн, 40-р тал



Ном унших ёстой гэсэн сэтгэлгээгээр хүмүүсийн гоё гэж нэрлээд байгаа эсвэл номын дэлгүүрүүдийн их зарагдаж байгаа номын жагсаалтыг тэргүүлээд байгаа номнуудыг уншиж байсан өдрүүд саяхан. Тэдгээр номон дунд сайн, сайхан ном гэхээсээ илүү уншигчийг дэндүү залхаамаар нуршсан, эсвэл орчуулгын оронцогууд байсансан. Утга зохиолын номыг амтархан унших болсноосоо хойш хамгийн гайхалтай үргэлжилсэн үгийн зохиолчоор Д.Норов гэж боддог болоод байна. Манай шинэ үеийн уран зохиолын үргэлжилсэн үгийн мастер Д.Норов “Дөчин жил уншиж, гучин жил бичиж дөнгөж гучхан өгүүллэг...” хэмээн “Хөхөөрөө хатсан өвс” өгүүллэгийн түүврийнхээ өмнө бичжээ. Зохиолч Д.Норовын өгүүллэг, туужууд дахин давтагдашгүй уран сайхны мэдрэмжтэй хийгээд амьдралын мөн чанарын тухай өгүүлдэгээрээ миний сонирхлыг ихэд татах боллоо. Яг үнэндээ “яаж ингэж бичиж чаддаг” байнаа...гэж би бодох юм. За тэгээд Д.Норов гуайн "Тэжээвэр" болоод "Орлогч" туужуудыг уншаад хүүхдийн бага насны хүмүүжил насан туршийнх нь амьдралд чухал үүрэгтэй хэмээн үздэг аугаа сэтгэлзүйчдийн онолыг тэр чигт нь олж харах шиг боллоо...

Comments