БАГШАА ДУУРСГАЯ цуврал 1.

Сөүлийн гудамжаар яаран алхаж явахдаа бор цагаан хосолсон пиджак өмссөн өндөр нуруутай, настай хөгшний хажуугаар шурхийн гарах гэснээ өөрийн мэдэлгүй зогтусаж “Базарсад багш маань биш байгаадаа” гэж бодогдлоо. Яарч явснаа үл анзааран “хэрвээ багш мөн бол сайн байна уу? багшаа гээд намайг очин мэндлэхэд таних болов уу?” гэсэн бодол төрөх зуур алгуурхан явсаар хөгшний хажуугаар гарах далимаараа багш мөн үү? Биш үү? гэж эргэн харвал оворжуу шаргал царайтай шал өөр хүн байв.   
                  ***            ***            ***

Арван жилийн дунд ангид бор цагаан хосолсон пиджак өмсөж, дугираг хар эсгий малгай тавьсан өндөр нуруутай, бор царайтай багш түүхийн хичээл орж эхлэв. Багш нар сурагчдаас үзсэн хичээлийнхээ агуулгын дагуу шалгалт авдаг тогтсон хандлага байдаг бол түүхийн Базарсад багш түүхийн аливаа үйл явдалтай холбоотойгоор сурагчийн өөрийнх нь үзэл, бодлыг эссэ маягаар бичүүлдэг байсансан. Түүхийн мэдлэгийг он тооллын дагуу мэдээд зогсохгүй өөрийнхөө үзэл бодлыг тусгаж бичнэ гэдэг сурагчаас нэлээд чадвар шаарддаг даалгавар байсан нь ангийн хүүхдүүдийн авч буй дүнгийн үзүүлэлтээс харагдана. Тэр хэрээрээ сурагчийн сэтгэлгээг хөгжүүлэх, сургалтын үр дүнтэй аргуудын нэг.

Өгүүлэн буй багш манай төрлийн ахтай таарахдаа
- Тэр хүүхдийг нийгмээр явуулвал нилээн явах хүүхэд байгаа юм даа гэж миний тухай ярьж байсан тухай төрлийн ах маань надад хэлж билээ. Богинохон хугацаанд хичээл заасан хэрнээ тэрүүхэн тэр хугацаанд шавь нарынхаа онцлогийг судлачихсан байсан Базарсад багшийнхаа тухай бодохоор бахархах сэтгэл төрдөг юм. Нээрээ л би багшийн хэлдгээр “нийгмээр” явсан шүү.

Оюутан болоод нутгийн уулзалтанд очихоор Улаанбаатар пласын хажууд явж байтал хаа холоос хэн нэгэн нэрийг минь дуудах шиг болоод эргээд хартал түүхийн Базарсад багш байж билээ. Багагүй хугацаанд уулзаагүй дээрээс нь дунд ангийн сурагчийн хувцаслалтаас тэс өөрөөр хувцаслачихсан их хотын гудманд явахад минь хүртэл таньчихаад
- Багш нь чамайг яг мөн байна гэж таниад дуудсан юм хэмээн инээмсэглэн угтсансан.

Базарсад багш бидэнд гурав, дөрөвхөн жил хичээл заагаад өндөр насны тэтгэвэрт гарч Улаанбаатар хотыг зорьсон. Түүнээс хойш арваар тоологдох он жил өнгөрсөн ч бор цагаан хосолсон пиджактай, өндөр нуруутай хөгшнийг Базарсад багшийг байна гэж харсандаа гайхсангүй. Сайн багш байна гэдэг ийнхүү сурагчийнхаа сэтгэлд бүх л талаараа насан туршид нь хадгалагдан үлддэг учиртай ажээ.
Улаанбаатар хот
2017.09.05 

Comments