НАМАР


Шарласан навчис хөл доор уйтайхан гишгэгдэж, өвсний толгой дахин хэзээ ч өндөрт ургахгүй шүү гэсэн шиг налжээ. Сэвэлзсэн салхи хацрыг минь илж, сэтгэлийн үзүүр дэх хөнгөхөн утсыг гижигдэнэ. Өглөө оройдоо зэврүүхэн, өдөртөө налайсан нар гарч, үүлгүй тэнгэрийн хааяа цэнхэртэн туяарах энэ цаг үе бол НАМАР.

Тэрлэг нь хүндэдсэн ижий минь зэврүүхэн үдэш үнээн зэл дээр бараантан тэртээгээс би ижийдээ үнээг нь ивэлгэж өгөхөөр алхлаа. Хонио хотлуулж, морио идүүлэхээр явсан ах холгүйхэн бараантан харагдах ба хэсэг хугацааны дараа тог, тог гэж гадсаа цохих нь сонсогдоно. Өвсний соргогийг даган, өглөөнөөс өдөржин уул хяр бараадан идээшилсэн хонь, ямаа ядарч, цадсан шинжтэй хотны дунд хэвж, яраглах нь намрын бууцан дахь хот айлд нэгэн ёсны хань болж чимээ өгөх аж. Сар аажуухан дээш хөөрч малчны хотны амар тайван шөнийг тольдох мэт гэрлээ гийхдээ жижүүрт хонож байгаа мэт хээр хонохоо үл мартана.

 Сулхан уясан өрх салхинд сэрчигнэж, уяан дээрх морины сүүл хийсэхэд цаанаа л нэг уйтгарт автаж, буцаад л зун болдог ч болоосой гэх богинохон бодол төрнө. Салхины сэрчигнээнд гэрийн хаяа дэрвэж, зууханд түлсэн гал зугуухан асах мөчид даарч байгаагаа мэдрэнэ. Энэ бол зун биш НАМАР.

Усны шувууд, сургуулийн хүүхдүүд бүгд л жигүүрээ дэлгэн ниснэ. Тэднийг урт холын амьдралынхаа замд гарахад сүүгээ өргөөд үлдсэн ижийнх нь сэтгэл эзгүйрч үлдэнэ. Гэхдээ “Үр минь том болж дээ” гэж өөртэйгөө шивнэн ярихдаа “ЭЭЖҮҮД” баясна. ЭЭЖҮҮД намрын наранд тавьсан ааруулаа үрдээ л өгөх гэж хадгалж, намхиа цэнхэр дэлхийдээ сүүнийхээ дээжийг өргөж үрсээ даатгана.

Хяруу ихээр унаж, өвсний толгойд шүүдэр буусан өглөө үнээн зэл дээр өнөө л “ИЖИЙ”. Өчигдрийн наранд нуруу тэнийсэн үхэрнүүд залхуухан босж, бэлчээртээ гарна. Ойрд үхэрнүүд зэлэн дээрээ хоносон бололтой хөлд гишгэгдэх аргалын тоо олширчээ. Хүүгсэн хөх аргал түлж, цайгаа чанаж ууя даа гэж бодсоор “ижий” гэрийн зүг алхлаа. Хүмүүс ирэх нь цөөрч, явах нь олширдог, хөх үүлс бараантан нүүхдээ хүйтэн агаараа орхиод буцдаг тэр цаг бол НАМАР.  
2017 оны 09 сарын 14
Улаанбаатар хот  

Comments