НУТГИЙН НАМАР

Сар дээш хөөрсөн намрын сэрүүхэн шөнө хотны дунд таруухан хэвтсэн хонины яргалах, хивэх чимээ тодхон сонсогдоно. Хажуу хотны нохдын хуцах нь бүдэг бадаг сонсогдоход хаяанд хэвтэх халтар нохой би байгаа шүү гэдгээ мэдэгдэх гэсэн шиг хааяа нэг хуцаж чимээ өгнө.

Нохдын хуцах чимээ чагнан хэвтсэн Заяагийн нойр нь хулжжээ. Заяа хий л хөрвөөж, элдэв зүйл бодон хэвтэж байснаа гэрт унтаж байгаа хүмүүсийг сэрээчихгүй гэсэндээ сэмээрхэн босж хувцаслаад харанхуйд тэмтчин явсаар гарав.
Сар нэлээд дээш хөөрчээ. Сарны туяанд Заяагийн сүүдэр тод тусч, өдөр л юм шиг санагдах боловч малчны хотонд чив чимээгүй ноёлж Заяагаас бусад нь унтаж байлаа. Гэрийн баруун тийш гарч хажуу хотныхдыг харвал дараалласан гурван гэр сүүдэртэн харагдана.
Заяа нам гүмгүйхэн алсыг ширтэн зогсохдоо хүүхэд ахуй цагаа дурсан санахуйд: Зуны бороо усанд ширдэг норохоос сэргийлж хоёр талаараа юм дэвсэлгүй, тал тавьсан шалтэй таван ханатай гэрийн зүүн хойморьт жижигхэн дэлгэцтэй хар зурагт жирэлцэнэ. Зурагтын урд юуг ч юм шимтэн үзэж буй үсээ хоёр сүлжсэн өсвөр насны охин бага насны дүүгээ тэврэн сууна. Гэрийн зүүн талын орон дээр хэвтэж буй хосын эрэгтэй нь ихэд ядарсан байртай хэвтээд л хурхирах нь тэр. Айлын эзэгтэй охинд хандан
Миний дүү гарахдаа зурагтаа хаагаарай. Эгчийнх нь нойр хүрээд унтлаа гэхэд
За бид хоёрын кино ч дууслаа. Та босч хаалгаа цоожилдоо гээд дүүгээ хөтлөн гэрээс гарав. Хоёр хүүхэд гэрийн үүднээс холгүйхэн хэвтэж буй хонийг босгохгүй гэсэндээ нэлээд тойрч явсаар гэртээ орж байгаа дүр нүднээ зурсхийн өнгөрлөө.
Цаг хугацаа гэдэг сонин юм шүү. Ийм нэгэн намрын шөнө сар ширтэн зогсохдоо хүүхэд насаа дурсан санана дээ гэж бодож байсансан билүү” гэж бодоод орж унтахаар гэрийнхээ хаалгыг татан орлоо. Зүүн орон дээрээс ээж нь яг л урьдын адилаар
Миний охин хаалгаа сайн цүүлээрэй гэж нойрмогхон дуугарах нь сонсдлоо.
Он жилүүд өнгөрөн одсон ч сар дээш хөөрсөн зэврүүн хүйтэн намрын шөнө яг л урьдынх шигээ нөмрөн авч олон жилүүдийн дурсамжийг сануулж, малчны хотыг амар амгаланд автуулжээ.
Ийн бодох унтахаар хэвтэх зуурт “Амьдрал гэдэг заримдаа цаг хугацааны давтамж ч юм шиг Заяад санагдав...

Улаанбаатар хот
2017 оны 08 сарын 20

Comments