ЭНЭ ХОТ

Өглөө
Нар халуунаар ээж, нимгэн хувцастай охидын үзэсгэлэн улам л тодорно. Өндөр өсгийт, богино шорт, өнгө алагласан плаж өмссөн бүсгүйчүүдийн тоо олширч өнгийн цэцэгс дэлбээлж буй адил үзэсгэлэнтэй харагдана.
Манайх зургаан давхар байрны наран талын гурван давхарт орших ба нар ээсэн хаврын өглөө есөн цагийн алдад дотор давчдан халууцан сэрэх нь бий. Сүүлийн хэдэн өглөөг яг л энэ байдалтай угтлаа. Ямар сайндаа л нар их ээхээс өмнө сэрж ажилдаа сэргэг гарах юмсан гэж бодогдох болов. Өнөөдөр амралтын өдөр болохоор тааваараа унтаж 9:30 хүргээд сэрлээ. Хагас цаг уншиж байсан номоо үргэлжлүүлэн уншиж байгаад босж угаахаар бэлдсэн хувцсаа машинд хийчихээд цонхоор байрны ойр хавийг ажиглан харлаа.
Амралтын өдөр болохоор хүүхдүүдээ салхилуулж буй эцэг, эхчүүд нэлээд олон бололтой. Лавшруулан харвал манай орцны залуухан хосууд, хажуу хаалганы Цэрмаа эмээ, хоёр давхарын Заяа гээд гарч орохдоо мэндлэж өнгөрдөг хүмүүс тэдний дунд инээж хөхрөн байх нь сэтгэлийг минь хөдөлгөв. “Хэзээ үрээ салхилуулаад сууж байх юм бол доо...” гэж толгойд бодол зурсхийн орж ирснийг зогсоогоод угаалгын машинд хийсэн хувцсаа сэгсэрч хатаалаа. 
Үд
Тэнгэр бүртийж үүлс цайрна. Тэгмэгцээ салхилж, зөөлхөн салхи илбэнэ. Өглөөний наранд хууртагдаж өмсөж гарсан плажний хормой дэрвэх бүрт санаа зовох ч үнэндээ арга байсангүй. Хоёр урсгалтай замын голд ногоон гэрэл хүлээн зогсохдоо яг л энэ мөчид ингээд зогсож байгаадаа баярлах бас өөрөөрөө бахархах сэтгэл төрөх шиг. Учир нь би өмнө нь хэзээ ч ээж ааваасаа ийм урт хугацаанд байж үзээгүй билээ. Ийнхүү бие дааж, алхам бүрийнхээ шийдвэрийг өөрөө гаргаж байх итгэлтэй болсондоо итгэж ч чадахгүй байлаа. Маргааш энэ хотоос явж удаан уулзаагүй ээж, аавтайгаа уулзана гэж бодохоор сэтгэл үл тогтовч ижил дасал болсон ажлын хамт олон, хагас жилийн хугацаанд дотносон найз нөхдөө, жижигхэн ч гэлээ хүний сэтгэл татаж, нүд баясгах олон зүйлтэй энэ л хотыг “санана даа”  гэх мэдрэмж төрнө.
Зам гараад уулзварын хажуугийн жижигхэн худалдааны гудам луу эргэвэл зэрэгцээ байрласан дэлгүүрүүд өөдөөс минь угтаж, хажууханд нь унадаг дугуй жийсэн хүмүүсийн урсгал үргэлжилнэ. Яг л над шиг өглөөний нарнаар нимгэн хувцаслаж гарч ирсэн бүсгүйчүүдтэй зөрөх бөгөөд өглөө элчээрээ ээж байсан өнөөх нар хаачсан нь мэдэгдэхгүй алга болсонд гайхах мэдрэмж төрлөө. Нээрээ нар хаачваа...
Орой
            Онгойлгоостой цонхны цаана бороо шаагин орох чимээ сонсдоно. Энэ хаврын хамгийн их хүлээсэн бороо орж байна. Бодохоос сэтгэл минь дэвтэх шиг болов. Маргаашийн явах бэлтгэлээ базааж, энэ л хотод уйтгар гуниг, ганцаардлыг минь хуваалцаж, хорвоо ертөнцийн шинэ аялалд урин дуудаж байсан хэдэн номоо хайрцаглаж, хувцасны шүүгээн дэх хувцаснуудаа цүнхэллээ. Гурван давхрын цонхон дээр зогсчихоод залуухан хосуудын болзоо харж, зай завсаргүй шулганалдах бяцхан үрсийн чимээнд баясаж ханаад цонхныхоо хөшгийг хаадаг байсан оройд давтагдахгүй гэж бодохоор энд өнгөрүүлсэн хагас жилийн амьдралдаа хоргодовч ирээдүйд илүү их юм намайг хүлээж байгаа гэж өөрийгөө тайвшруулав.
            Утас дуугарлаа. Энд байх хугацаанд хамгийн дотно байсан эгч “гарч салхилах уу? Тэгэнгээ үдэлтээ хийчихье” гэж мессэж илгээжээ. Бид хоёр ойролцоох цэцэрлэгт хүрээлэнг тойронгоо хамтдаа байсан дурсамжтай өдрүүдээ дурсаж, энэ оройны цэвэр агаарыг магтан ярилцав. Бид хоёр явсаар байрны гадаа ирээд гэртээ биш гаднах сандал дээр сууж оройн цэвэр агаарыг уушиг дүүрэн амьсгалав. Модны мөчирт тогтсон усан дуслууд нэг нэгээр дээрээс дусалж, гэрлэн бүрхүүлийн сүүдэрт ганц нэгээр дуслах борооны дусал дэндүү үзэсгэлэнтэй харагдана.
Шөнө
Яг унтахаар хэвтэвч элдэв бодол толгойд эргэлдэн нэг л унтаж чадахгүй байлаа. Эргэн хөрвөөвч энэ л хоттой хувь заяагаараа холбогдсон тэр өдөр санаанд нь байн байн орж ирнэ.
Би өнгөрсөн жил их сургуулиа нягтлан бодох мэргэжлээр төгссөн бөгөөд төгссөнийхөө даруйд үндэсний үйлдвэрлэгч гайгүй компанид ажилд орсон юм. Анх ажилд орж байгаа гэлтгүй гар дээрээ гайгүй хэдэн төгрөг авахын зэрэгцээ ажилдаа ч нэлээд дадаж байв. Дөнгөж ажиллаад хоёр сар гаруйнханы хугацаанд албан тушаал ахиж зүүн бүсийг хариуцсан нягтлангаар томилогдсоноос болж энд ирэх болсон юм. Аав, ээж таньж мэдэхгүй газар охин хүүхэд хэцүү гэж хорьж цааргалж байсан ч би бие даан амьдарч үзэх туйлын хүсэлдээ автагдан энд ирсэн. Анх ирээд аав, ээжийн хэлж байсан толгой руу орж, яах гэж ирвээ ч гэж бодогдох үе зөндөө байсан ч өнөөдөр явмааргүй болтлоо дассандаа өөрийгөө ч гайхах шиг...
Ширээний гэрлээ асаан, дэрний хажууд байх номоо дэлгэн уншихуйд шивэрч байсан борооны чимээ улам л чангарсаар байлаа.

2017 оны 05 сарын 22

Хөххот 

Comments