ӨВГӨН ААВЫН БЭЛЭГ

Баяраа шинэ жил болохыг мөн ч их хүлээв. 12-р сар гараад долоо хонож байхад нэг өглөө цэцэрлэгтээ ирэхэд анги нь мөн ч гоё болсон байлаа. Өнгө, өнгийн саа цонхон дээр нааж, улаан малгай өмсөж, цагаан сахал зүүсэн өвөөг яг хаалганы голд наажээ. Ногоон өнгийн саагаар мод зураад тэдний ангийн хүүхдүүдийн тоогоор дөрвөлжин бэлгийн уут өлгөсөн байв.
Багш: - за хүүхдүүдээ, анги ямар байна. Удахгүй бид шинэ оноо тэмдэглэж, өвлийн өвгөн ааваас бэлэг авна. Томоотой байсан хүүхдэд өвлийн өвгөн аав хамгийн их бэлэг өгнө шүү гэж анги чимэглэсэн эхний өдрийн өглөө хэлэв.
Хүүхдүүд ч нэгэн дуугаар – за багшаа гэж уянгалуулан дуугарав.
Баяраа ангидаа их хөдөлгөөнтэй болохоор багшдаа нэлээд загнуулна. Багш нь заримдаа ээж аавд нь танай хүүхэд тогтвор муутай, хөдөлгөөн хурдтай. Их үймүүлдэг гэх зэргээр ховлох нь ч бий. Энэ удаад Баяраа – за байз. Шинэ он болох гээд байдаг. Урьдынх шигээ үймүүлээд, зодолдоод байвал би лав бэлэг авахгүй байх. Ямар ч гэсэн томоотой байж хамгийн том бэлгийг авна даа гэж бодов. Тэр өдрөөс хойш Баяраа хамгийн дуулгавартай сурагчдын нэг болов. Багшийн суу гэсэн суудалд сууж, заасан дуу шүлгийг нь хамгийн хурдан цээжилж, үеийн нөхөдтэйгээ их эвтэй тоглодог болов. Шинэ жил болохтой холбоотой зарласан эцэг эхийн хурал дээр Баярааг их сайн хүүхдүүдийн тоонд орсон гэж багш нь анх удаа магтав. Бяцхан үр нь дуулгавартай байж, багшаараа магтуулсанд Баяраагийн ээжийн сэтгэл нэг л уужраад явчихав.

Шинэ жил ч дөхөж, Баяраагийн цэцэрлэгийн шинэ жил болов. Тэдний ангийн бяцхан хүүхдүүд урлагийн тоглолт үзүүлж, Баяраа ч мөн тэдний нэг байж “Болжмор” шүлгээ олон эцэг эхчүүдийн өмнө огт түгдрэлгүй уншив. Эцэг, эхчүүд баяр хүргэж алга ташихад Баяраа хэвлэгхэн ёслоод тайзны арагш оров. Яг энэ үед өвлийн өвгөн аав, цасан охидоо дагуулсаар, тор дүүрэн бэлэг барьсаар орж ирэн хүмүүстэй гар даллан мэндчилэв. Баяраа гайхахын ихээр гайхав. Өвгөн аавын урт цэнхэр дээл, урт цагаан сахал өвөө шиг харагдах хэрнээ дуу хоолойных нь өнгө яг л аав нь ярьж байгаа юм шиг сонсогдоно. Хүүхдүүд нэрээ дуудангуут өвөөгөөс очиж бэлгээ авч, үнсүүлээд буцан суудалдаа ирэн сууна. Баярааг дуудахад Баяраа гүйн очоод үнсүүлэхдээ өвөөгийн сахлаас зүггүйтэн татаж орхивол аав нь өвгөн аав болсон байв. Баяраа гайхахдаа ааваа гээд дуудчихвал – өвгөн аав нь үнсье. Улам илүү онц сураарай гээд том уут дүүрэн бэлэг өгөв. Баяраа нээрээ л хамгийн том ууттай бэлгийг авсан ба хамгийн их гайхсан зүйл бол аав нь өвгөн аав болсон явдал байв. Тэгээд бяцхан оюундаа – аав шинэ жилээр өвгөн аав болдог ид шидтэй юм байхдаа гэж бодов.
Нэг өдөр ээжээсээ тэсэлгүй – Ээжээ тэр шинэ жил чинь болоогүй юм уу? Манай цэцэрлэгийн шинэ жил болоод дуусчихсан байхад яагаад шинэ жил болохгүй байгаа юм бэ? гэж асуув.
Ээж нь:
-          Миний хүү шинэ жилийг тэгэж их хүлээж байгаа юм уу? гэвэл
-          Тиймээ ээжээ. Багш томоотой байсанд нь хамгийн том ууттай бэлэг өгнө гээд би зөндөөн томоотой байсан. Тэгсэн хэрнээ зурагтаар дандаа л шинэ жил гээд байхын гэж өхөөрдөм хөөрхнөөр эргэлзсэн байдалтай хэлэв.
-          Миний хүү удахгүй шинэ жил гарч, бид бүгдээрээ нэг нас нэмж, миний хүү зөндөө том болно гэж учирлан хэлэв.
12 сарын 31-ний өглөө Баяраагийн ээж аав эртлэн босж, Баярааг томоотой байхыг сануулаад өнөөдөр жинхэнэ шинэ жилийн өдөр хэмээн хэлэв. Баяраа ид шидийн мэт зүйл хүлээж, ээжийн бэлдэж буй ширээг хааяа нэг гайхан харж өдрийг өнгөрөөв. Нэлээд орой болоход аав нь нөгөө өрөөндөө ороод алга болчихов. Баяраа ээжтэйгээ зочны өрөөнд зассан ширээгээ харан сууж байтал цэцэрлэгийн шинэ жил дээр ирсэн өвөө тэр дүрээрээ бэлэг үүрсээр аавын орсон өрөөнөөс гарч ирэв. Баяраа – ээжээ, ээжээ. Өвлийн өвгөн манай гэрт байсан юм байна шдээ. Харин аав хайччихваа гэж гайхсан байдалтай ээжийгээ тэврэн авав.
Өвгөн аав – Энэ ондоо амжилт бүтээл гаргаж, идэвхтэй суралцаж, ээж, аавыгаа баярлуулсан Баяраа хүү ирж бэлгээ аваарай гэж царгиа дуугаар хэлэхэд Баяраа гүйн очоод бэлгээ авахдаа мөн л сахлаас нь татав. Энэ удаад ч мөн аав нь байж таарав. Шинэ жил болгоны бэлгийг аав нь өвгөн аав болон өгч байгаад Баяраа гайхах хэдий ч аав, ээжийнх нь хэн ч учрыг нь тайлбарлан хэлсэнгүй. Гэхдээ түүнд шинэ жилээр аавууд хүүхдүүддээ өвлийн өвгөн аав болоод бэлэг гардуулдаг юм байна гэсэн бодол төрөв. Ямар сайндаа маргааш нь аавынх нь дүүгийнх зочлон ирж Баяраад бэлэг өгөхөд – Ааваа та дахиад өвгөн аав болчихоо. Өвгөн ааваас авсан бэлэг илүү амттай байдаг юм гэж хэлээд олныг инээлгээд авав.
ХӨХХОТ

2016 оны 12 дугаар сар 26

Comments