НОГООН ДЭЭЛТ


Урт ногоон дээл гонжролдуулан өмсөж, үсээ шанайгаа хүртэл ургуулсан тосон бор залуу миний ирсэн амралтын газрын хавьд холхиж харагдах юм. Зуны нар ид дундаа төөнөж байгаа энэ үед дээл өмссөн хүн төдийлөн байхгүй болохоор, өмссөн дээл тийм содон өнгөтэй болохоор миний гэлтгүй олон хүний анхаарлыг татсан нь лавтай. Рашаан уухаар цугласан хүмүүсийн дэргэд очиж суугаад ажиглавал ногоон дээлт энэ хавийн бүх л хүнийг таньдаг бололтой.  Тийм болохоор нь энэ амралтын газрыг хариуцдаг хүмүүсийн нэг ч юм болов уу? гэж бодлоо. Өмссөн зүүсэн, биеэ авч явааг нь бодохоор үгүй ч юм шиг. Энэ бодол зурсхийн өнгөрч амралтын газар дээрх хоёр дох өдөр ганданд мөргөснөөр эхлэв. Сүсэгтэн олон рашаан ууж, боргионд цохиулахаас гадна ном уншуулж, ганданд мөргөж сэтгэлийн амар амгаланг мэдэрдэг аж. Ганданд орж мөргөх үед нөгөөх ногоон дээлттэй мөн л таарав. Ном уншиж буй ламын дор суугаад арц, рашаан савлаад сүсэгтэн олонд тарааж байна. Ногоон дээлт лам юм болов уу? Үгүй ээ лам биш байх, энэ ламтанд шавилан сууж байгаа юм болов уу? гэх бодол тээгээд гандангаас гарлаа.
Уулын бэлд байрлах энэ амралтын газар байгалийн сайхан хослож, хүний бие, сэтгэлийг ариутгах түмэн жорыг өөртөө агуулсан аж. Амрагчид рашаан ууж, боргионд цохиулж, бяцхан үрс шавиагаа ханатал гэгчээр юунд ч үл баригдан тоглож байгааг хараад хажуугаар нь өнгөрөх төдийд л сэтгэл тайтгарах тийм эрч хүчийг өгнө. Амрагчид оройн цагаар гар бөмбөг тоглож нэгэн талбайд цуглах нь нэгэн ёсны хувиарт ажил нь болсон мэт. Байрлаж буй газраараа хуваагдан заримдаа бүр бооцоо тавин тоглох нь олон хүний анхаарлыг татна. Амралтын гурав дахь өдрийн орой гар бөмбөгийн талбай дээр тоглож байтал нөгөөх ногоон дээлт хормойгоо хөшиглөж, инээд цацруулсаар, хоёр ч хүүхэд дагуулсаар ирж суув. Алдсан багийг элдвээр дуудаж, сайн тоглож байгаа нэгнийг нь гадаадын оддын нэрээр нэрлэх нь тэр. Өдөр тутмын зарим англи үгийг их л оновчтой дуудлагаар хэлэх ба тэр хавийнхан нь түүний яриаг сонсоод багагүй хөгжөөд авлаа.
Өнөөх л ногоон дээлт үнэндээ хэн болох нь тодорхойгүй байсаар дөрөв дэх өдрийн өглөөтэй золголоо. Би боргионд цохиулахаар оочерлон зогсож байтал ногоон дээлт саяхан боргионоос гарсан болов уу гэсэн янзтай урт шар бүсээ бүсэлж, боргионд орохоос зүрхшээж буй хүмүүсийг ятгасан байртай үг хэлсээр гэрийн зүг алхлаа. Үгүй энэ ногоон дээлт чинь амрагч байсан юм байна шдээ гэж бодоод өнгөрөв. Маргааш нь үеийн хэдэн залуустай юм ярьж суутал бидний яриа мөн л ногоон дээлтийн тухай болж эхлэв. Танилын ярих нь ногоон дээлт өчигдөр орой рашаанаас буусан аж. Ногоон дээлт их ном уншиж, багагүй зүйл судалсан бололтой юм билээ гээд хоолойгоо засаад: уг нь их дажгүй залуу шиг байгаан. Гэм нь хааяа хааяа орон гаран болчихдог. Хариулж байсан хонь руу нь чоно ороод түүнээс айгаад жаахан илий, балай дуу болчихсон юм шиг байна лээ хэмээн үргэлжлүүлэн ярьж билээ.
Би хэдий ногоон дээлтийн талаар чухам хэн болохыг нь мэдэхийг хүсч байсан ч энэхүү яриаг сонсоод бяцхан гуниг төрж билээ. Ногоон дээлт одоо магадгүй хонио хариулаад саруул талдаа исгэрэн яваа байхаа...

Хөххот
2016 оны 12 дугаар сар 9 

Comments