НАМРЫН БОРОО


Аравдугаар сар гарснаас хойш тэнгэр бүрхэх болов. Сэрүүн салхи сэвэлзэж, үд дунд төөнөх нарны эрч ч буурчээ. Ойрын хоёр шөнө бороо шаагиж эгээ л зун адил санагдах. Амараа таван давхар байшингийн дөрвөн давхарын наран талын хамгийн захынх нь өрөөг түрээслэсээр хоёр ч жилийг үдэж. Эх нутгаасаа ажил хийж, мөнгө цуглуулахаар гарсан нь энэ.
Амараагийнх хөдөөний айл болохоор намрын намарт мөн ч завгүй байдаг байснаа дурсах их дуртай. Хотын амьдрал дагаад бараг арваад жил болсон болохоор бага насны завгүй он жилүүд нь, хот айлуудынхаа үеийн хүүхдүүдтэй болжмор харвахаар гүйдэг байсан өдөр хоногууд нь нүдэнд зурсхийн харагдах шиг боллоо. Чив чимээгүй өрөөнд тааз ширтэн хэвтэж байсан Амараа юунд ч юм хатгуулсан мэт цочин босж ирээд хувцсаа өмсөв. Орой 7 цагийн үед ажлаас тарж ирэх үед тэнгэр бүрхсэн байсныг гэнэт санаад цонхоо онгойлговол бороо нэлээн ширүүн орж байна. Бороо асгарч байхад дэмий ч юм уу гэж ганцаараа ярьснаа шүхрээ барин хаалга чиглэв.

Амараа ямар ч зорилгогүйгээр бороонд бодлоо ариусган зогсмоор санагдав. Нам гүмхэн хэрнээ бороо хүчтэй шаагисан энэ орой байрны үүдээр шуугин байдаг хүүхдүүдийн чимээ, үүдэндээ элдвийг хуучлан суудаг дэлгүүрийн худалдагч нар, эзэн нь хэн нь мэдэгдэхгүй, эсвэл бүр эзэн ч үгүй нохойнууд гээд бүгд байсангүй. Амараа тэнгэр лүү хараад – ай даа, мөн ч сайхан орж байна даа гээд санаа алдав. Бороонд нороод гүймээр эсвэл ингээд л зогсоод баймаар. Гэнэт хоёрхон хоногийн өмнө хоног авсан шинэхэн пүүзээ өмсөж гарч ирснээ санаад ус тогтоогүй газар зогсох хэрэгтэйг ойлгов. Байрнаас хэд алхаад л зүлэгжүүлж, мод тарьсан хэсэгт гүйн ирлээ. Хөлд зөөлхөн гишгигдэх зүлгэн дээгүүр алхаж, борооны ус аль бага тогтсон хэсгээр явсаар нэгэн нарийнхан гудамны үзүүрт ирлээ.
Гудмаар зөрөлдөх хүмүүс тун цөөхөн ч сар үл ялиг туссан бороотой орой шүхэр барин алхаж буй эмэгтэй хүн ямар үзэсгэлэнтэй харагддагийг олж харав. Ус цэлэлзсэн урт замын дунд яг л дэлбээлж буй шинэхэн цэцэг шиг сарны гэрэлд солонгорон харагдах нь дэндүү үзэсгэлэнтэй. Тэдний дундаас нэгэн бүсгүйг Амараа онцлон харав.
Урдаас чиглэн ирж буй урт үсээ задгайлан тавьж, өндөр өсгийт, нарийн цув өмссөн үеийн болов уу? гэмээр эмэгтэй хажуугаар зөрөн гарахад эгээтэй л шүхрээ өгөөд явуулчихсангүй. Бүсгүй нэлээд норсон бололтой. Үнэндээ Амараа – даарч байна уу? миний шүхрийг авах уу? гээд өгнө гэж бодож явсан ч бүсгүйг ойртох тусам айсан ч юм уу, зориг дутсан ч юм уу шүхрээ өгч чадахгүй байсаар нэг л мэдэхэд бүсгүй аль хэдийн өнгөрөөд явсан байв. Амараа өөрийнхөө зориггүйг бодсоор бас жаахан харамссаар цааш алхлаа. Энэ гудмаар эмэгтэй голдуу хүмүүс явдаг болов уу? гэлтэй эмэгтэйчүүдтэй зөрөх нь тун ч сонин. – Эсвэл зарим нь над шиг намрын бороог мэдрэх гэж гарч ирсэн юм болов уу? гэж амандаа үглээд цааш алхав. Явсаар шонгийн модны хажууд ирэхэд энэ нарийн гудамж дууссан бололтой, машин зам үргэлжлэв. Гэрлийн шонгийн хажууд зогсоод дээш харвал шиврэн орж буй бороон дуслууд гэрэлд цацран ер бусын үзэсгэлэнгээ гайхуулж байв.
Амараа энэ намрын сүүлчийн бороо ч юм билүү гээд бодохдоо хаашаа ч хамаагүй алхсаар л баймаар санагдавч маргааш ажилтайгаа санан гэрийнхээ зүг яаран алхлаа. Маргааш өглөө яг л хаврын өглөө шиг чийг үнэртээд мөн ч гоё байна даа гэж бодохоос өглөө хурдан болоосой гэж яарах сэтгэл төрлөө. Яагаад гэвэл маргааш өглөө тэр дахин төрсөн шиг шинэ эрч хүчтэйгээр эргэн босож, ажилдаа, зорилгодоо яаран гарах билээ.
2016 оны 10 сарын 06

Хөххот   

Comments

  1. Пүүзэндээ анхаарал нв төвлөрөөд бүсгүйд шүхрээ өгч чадаагүйн байна..Гялс гэрлүүгээ гүйж ороод хуучин гутлаа өмссөн байсан бол, бүсгүйд шүхрээ өгөд өөрөө тодны доор зогсож хэсэг азнаж байгаад бүсгүйд тусалсандаа сэтгэл өег гэртээ харих байж... Хаврын чийг гэж бодож өөрйигөө хуурсан байна шүү, Амраа... ккк, цаашид өөрийхөө шийдэмгий бус байдалтай нүүр тулах хэрэгтэй болох нь дээ...

    ReplyDelete
  2. үргэлжлээд бичвэл сайхан санаа байна, баярлалаа таньдаа

    ReplyDelete

Post a Comment