ХҮСЭН ХҮЛЭЭСЭН ЕС ДҮГЭЭР САРЫН НЭГЭН

Амараа нэгэн хувийн сургуульд багшилсаар өдгөө гурван жилийг үджээ. Хичээл сургууль эхлэх дөхөөд ирэхээр ажлын ачаалал аргагүй нэмэгдэж эхлэнэ. Энэ хичээлийн жилд шинэ анги дааж авах, заах хичээлийн тоо нэмэгдсэн зэргээр шинэ хичээлийн жилд бэлтгэх ажил ундарч оройдоо их л ядарсан хүн гэртээ ирнэ. Зуны хоёр сар амарч, зугаалсан болохоор ажлын цагтай уралдан босно гэдэг бас нэг асуудал болж. Ямар сайндаа өнөөдөр сэрүүлгээ ч анзааралгүй унтчихаж. Энэ жил дөрөвдүгээр ангид охин Маралмаа – ээжээ сэрээрэй гэж дуудсаар нь сэрэв. Амараа яаран хувцаслаж, зүсэм талх идээд ажилдаа гарахын үед Маралмаа – ээжээ, та нэгэнтээ л хоцорчихсон юм чинь ажилдаа яваад яахын бэ? Хоёулаа хамт дэлгүүр гаръя гэж ээжийгээ ятгах нь тэр. Амараа тэр үед охиныхоо ярьсныг анзааралгүй яаран гарсан боловч замдаа охиноо бодон ихэд өрөвдлөө. Ажил ихтэйн улмаас хүүхэддээ ч тухтай зав гаргаж чадахгүй. Хичээлийнх нь бэлтгэлийг ч тухтай бэлдэж өгч чадахгүй байгаадаа өөрийгөө баахан зэмлэв. Тийм ч учраас өнөөдөр ажлаасаа чөлөө авч эртхэн шиг гарч ирж охинтойгоо хамтдаа дэлгүүр хэсж, хичээлийнх нь хэрэгслийг хангаж өгөхөөр шийдэв.

Амараа ажилдаа яаравчлан орж, өөртөө болон охиндоо зав гаргахаар гялалзлаа. Үдээс хойш охин луугаа утасдаж ажил дээрээ хүрээд ир гэж хэлэв. Маралмаа тун ч удалгүй ээжийнхээ ажил дээр ирж, ээж охин хоёр хичээлийнхээ бэлтгэлийг базаахаар тун ч яаравчиллаа. Хэзээд нь амжуулсан юм бүү мэд Маралмаа дэлгүүр явах замдаа цүнхнээсээ тэмдэглэлийн дэвтрээ гаргаж, ээждээ авахаар зэхсэн зүйлсийнхээ жагсаалтыг харуулав. Дөрвөлжин дэвтэр, тууш дэвтэр, шугам, бал, харандаанаасаа авахуулаад бүжгийн бэлтгэлийн туфль, биеийн тамирын хувцас гээд бүгдийг бичиж. Амараа энэ үед охиноо том болсныг хүлээн зөвшөөрч, бахархах сэтгэл төрж духан дээр нь үнсэв. Охин ч ээжийнхээ сэтгэлийг ойлгосон бололтой – ээжээ та юу авахын би тэмдэглээд авчихъя гэлээ. Ээж охин хоёр ийнхүү ярилцсаар дэлгүүртээ хүрч, ядрахаа умартан явсаар хэдэн тор хичээлийн хэрэгсэл, хувцастайгаар гэртээ орж ирлээ. Охин өнөөдөр авсан зүйлдээ ихэд сэтгэл хангалуун байх бөгөөд цүнхэлхийг нь цүнхэлж, цэгцлэхийг нь цэгцлэн тавьлаа. Энэ бүгдийг харан суугаа ээжийнх нь сэтгэл сая л амарсан байдалтай – миний охин онц сураарай гэж хэлэв. Маралмаа охин ээжийнхээ өөдөөс итгэлтэй нь аргагүй харахдаа – яагаад ч юм цүнхээ онгойлгож үзмээр санагдаад байх юм. Хичээл хурдан эхлэвэл мөн гоё оо гэж их л гээд номын ширээнийхээ ард суулаа.
Ээж, охин хоёр хичээлийнхээ бэлтгэлийг базааснаас хойшхи өдрүүдэд Маралмаа уйдах завгүй болж өдөрт цүнхээ хэд хэдэн онгойлгож, найзуудтайгаа уулзаж байгаа, цүнхээ үүрээд хичээлдээ явж байгаагаар тоглосоор хүсэн хүлээж байж ес дүгээр сарын нэгэнд эрдэм өвөртлөхөөр ээждээ хөтлүүлэн инээмсэглэл тодруулсаар сургуулийн зүг гарлаа.
2016.08.30   


Comments