ШАНХАЙ ХОТ БОЛОН ОЙРОЛЦООХ МУЖУУДЫН АЯЛАЛ


                               
                                   БИДНИЙ ХЭДЭН НӨХДИЙН АЯЛАЛТАЙ ТАНИЛЦАНА УУ?

Хятад хэл сурч эхэлсэн цагаас хойш энэ улсын соёлыг ойлгох, энэ улсын хүмүүсийн амьдралын хэв маягийг мэдэх маш том алхам нээгдсэн юм. Дэлхийд хүн амын тоогоороо эхний байрт орохоос гадна дэлхийн эдийн засгийн гол цөм болсон БНХАУлс нь 56 үндэстэй, 5 автономит улстай, Бээжинг, Шанхай, Тианжин гэх гурван том хоттой.  Газар нутаг хойд болон урд гэж ерөнхийдөө хуваагдах бөгөөд урд тал нь харьцангуй хөгжил сайтай.
Хятад хүмүүс аялах дуртай. Дөрөвдүгээр сард болох 清明节日буюу ханш нээх өдөр, тавдугаар сард болох 劳动节буюу хөдөлмөрчдийн баяруудаар аялал жуучлалын бүс нутгууд маш их жуулчидтай байх бөгөөд нэг ёсондоо аялал жуучлалын улирал эхэлж байгаагийн шинж юм. Энэ амралтуудаар багадаа 3 хоногийн хугацаатай амардаг болохоор сургуулийн хүрээ эзгүйрч оюутнууд гэртээ харьж, зарим нь аялалаар явна. За тэгээд зургуудаа wechat болон QQ дээрээ тавиад л.
Тэднийг аялах дуртайг ном сурах бичгээр нь дамжуулан ойлгож бас болно. Ялангуяа гадаадын иргэдэд зориулсан сурах бичгүүд дээр Хятад улсын үзэсгэлэнтэй, аялал жуулчлалын бүс болсон газруудыг их оруулсан байдаг. Би ч энэ л байдлаар гайхалтай үзэсгэлэнтэй газруудын талаар нэлээд мэддэг болсон. Энэ мэт оршилтойгоор өөрийн аялалын талаар та бүхэнтэйгээ хуваалцах болсондоо баяртай байна.
Хөххотод ирсний дараах хоёр жилийн босгон дээр аялалын компаниар дамжуулан БНХАУ-ын хоёр дох том хот Шанхай хот болон түүний ойролцоох 2 мужийн хотуудаар аялахаар боллоо. Аялалын компаниар дамжуулан аялалд явж байгаа хүмүүсийн онцлог нь  дундаж насныхан байх бөгөөд энгийн ажилчид дийлэнх хувийг эзлэдэг болов уу? гэсэн ерөнхий ойлголт авлаа. Аялалын нэг групп 15 гаруй хүнтэй, хөтөч, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр аялал үргэлжлэнэ.
Аялалын явцад явсан газрууд:
Жиансү муж, төв нь Нанжинг\南京\хот. Нанжинг хот дахь Zhongshan уулын үндэсний парк. Доороос дээшлэх үйл явц бөгөөд байгалийн онгон дагшин цогцыг хүний оюун ухаантай хослуулан паркыг үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй болгожээ. Аялагчдын ая тухыг хангасан зам, байгалийн сайхныг уран барилгатай хослуулан харах боломжийг бүрдүүлсэн нь олны сэтгэлийг татахгүй байхын аргагүй.
Жиансү муж \江苏省\  дахь Хятадын ААААА зэрэглэлийн аялал жуулчлалын бүс Lingshan Buddist Scenic Spot\灵山性境\. Энэд Бурхан Буддагийн баримал хэд хэдэн янзаараа байх бөгөөд хүмүүс хүслээ шивнэн залбирч, мөн хүслээ бичиж өлгөдөг. Уулан дээрх Бурхан Буддагийн барималыг харахын тулд өмнө нь хэд хэдэн Бурханы барималтай таарах бөгөөд хамгийн өндөрт байрлах Бурханы барималыг хараад доош харахад ёстой л гайхамшигтай, энерги эрч хүч мэдрэнэ. За тэгээд Бурхан багшийн музейгээр ч аялах боломжтой. Энэхүү хүрээлэнд усан оргилуурын үзүүлбэр, тагтаа хооллох гээд жуулчидыг татах олон арга хэмжээ байх бөгөөд хэрэв та бакалаврын оюутан бол хөнгөлөлттэй орох боломжтой.  


                                                            
Жиансү мужийн Сү Джоу хот \苏州\ энэ хот сайхан бүсгүйчүүдээрээ алдартай бөгөөд 苏州话 буюу өөрсдийн аялгатай ярьдаг. Хөтөчийн тайлбарласнаар иргэдийн амьдрал төдийлөн сайн биш бөгөөд  Засгийн газар нь мөнгөтэй харин хөрш орших Жө Жян \浙江\ мужийн Хан Джоу \航州\ хот эсрэгээрээ иргэд нь баян, Засгийн газар нь мөнгө багатай аж.
Жө Жян \浙江\ мужийн Хан Джоу \航州\ хот. Хан Джоу хот нь мөн л аялал жуулчлал, худалдааны бүс болсон хотуудын нэг юм. Энэ хотод байх SONGCHENG PARK нь Хятаддаа алдартай төдийгүй дэлхийд гуравт багтах алдартай үзвэрүүдийг энэхүү паркаас үзэж болно хэмээн тэд өөрсдийн сурталчилгааны хуудсандаа бичжээ. Үнэндээ ч хүмүүсийн анхаарлыг татах, хүмүүсийг хөгжөөх нөхцлийг гадна, дотноо бүрдүүлсэн болохыг энд онцлон дурдмаар байна.
Аялалын эхний бөгөөд эцсийн зогсоол Хятад улсын загвар хот Шанхай. Шанхайд буусан анхны сэтгэгдэл сэрүүхэн салхи элбэж тэртээ хоёр жилийн өмнө Пилиффинид байсан дурсамжийг минь сануулах шиг. Сэрүүн хэрнээ хүйтэн биш, далайн ч гэмээр зөөлхөн салхи. Эндээс Шанхай хотын аялал эхлэлээ. Шанхай хотыг хурд, үнэ, өндөр гэдэг гуравхан үгээр танилцуулж болно. Хурдтай хөгжил, өртөг өндөр амьдрал, дэлхийд өндөрт тооцогдох барилга... Бас нэгэн Америк найзын минь хэлснээр хэрэв Хятад маягаар амьдарч чадахгүй бол Европ маягаар амьдрах хот аж. Жуулчдын очдог газар, хотын төвөөр алхам тутам ази гэхээсээ Европ хүмүүсийг олж харна. Энэ бол Шанхай хотын томоохон онцлог юм. Бидний анхаарлыг хамгийн их татаж, бүхнийг мартуулж чадсан гайхамшиг бол Дорнын сувдан цамхаг буюу 351 м бүхий Дэлхийд өндөрт тооцогдох барилга юм. Энэ өндрөөс хотыг дурангаар харах, доод тал болон урагш харахад хот тэр чигтээ гялалзан харагдах болно. Ялангуяа оройн цагаар гарахад илүү тохиромжтой санагдсан.
                           АЯЛАЛЫН ТУРШИД ХАМТДАА БАЙСАН ТА НАРТАА БАЯРЛАЛАА.

Яг үнэндээ өмнө аялалыг нэг ч их ойшоодоггүй байлаа. Гадуур жаахан явахаар залхуу хүрээд гэртээ хурдан очих юмсан л гэж боддог хүн л дээ. Явахын өмнө энэ зан маань яах бол доо гээд жаахан санаа зовж л байлаа. Гэхдээ аялалын явцад өөртөө ёстой онц дүн тавимаар санагдсан. Хүн чинь шинэ соргог юм үзэхээр ядардаггүй юм байна, ядарсан ч үзээд л баймаар санагддаг юм байна. Хүмүүс яагаад аялалд дуртай байдгийг бас мэдлээ. Тэндээс эерэг энерги, бүр дахин төрсөн мэт энерги авдаг юм байна. Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үзээ гэж юутай үнэн үг вэ?. Нээрээ л сайхан газар үзээд, сэтгэл санаа баясаад ирэхээр аав, ээждээ баярлалаа гэж хэлээд, охин чинь хүний дайтай явнаа гэж бардам хэлмээр санагдах юм.
Энэ бүхний эцэст би нэг зүйлийг онцлоод хэлмээр санагдлаа. Хятад хүмүүс үнэхээр хүмүүсийн сэтгэлийг татахаар зүйлийг хийж бүтээж чадаж байна. Тэд онгон байгалийг оюун ухаантай хослуулан хүмүүсийн сэтгэлийг татаж байна. Энэ бол бидний тэднээс суралцах ёстой зүйл.
Тулаанд шонхорууд л ялдаг. Шонхорууддаа зориулаад өөрийн аялалын үйл явцаасаа жаахан ч гэсэн танилцууллаа. Хэрэв та Хятад улсын урд хэсгээр аялах гэж байгаа бол магадгүй миний дээр дурдсан мужуудаар явах гэж байгаа бол дээр дурдсан онцлог газруудаар очоод үзэхийг зөвлөж байна.

Comments