“ГАЛААР НААДСАН ОХИН” НЭРТ ЦУВРАЛЫН ГАЙХАМШИГ

Зохиолыг уншиж байхад дүрүүд нь нүдэнд харагдаж, за Бломквист нэг иймэрхүү, Саландер нэг иймэрхүү, Бергер гээд бүгд л бараг нүдний өмнө яг зогсож байгаа юм шиг.
Энэ оны эхний сард “Луун шивээст охин” Millennium цувралын нэгдүгээр ботийг уншиж билээ. Он дуусахтай зэрэгцэн хоёрдугаар ботийг уншив. Энэхүү цувралыг уншиж эхлэх явцад анзаарагдсан хамгийн сайхан зүйл нь би маш амархан ойлгож байлаа, өөрөөр хэлбэл ном үнэхээр хурдан уншигдаж байв. Би эхний цувралыг нь уншсан болохоор энэ зохиолыг Монгол хэлнээ орчуулсан орчуулагчийн хэллэгт дасж байнадаа гэж бодсон юм. Харин номыг уншиж дуусаад харсан чинь энэ хоёр цувралыг орчуулсан хүмүүс өөр болохыг мэдсэн. Энэ удаагийн цувралын Монгол хэлнээ орчуулагч нь О.Гомбожав.

Бүхнийг өөрийнхөө хүссэнээр байлгаж чаддаг,өөрт нь сайн хандвал түүнийг тоохгүй өнгөрч, өөрт нь хурц ширүүн хандвал түүнээс илүүтэйгээр ширүүн ханддаг этгээд ширүүн Саландер. Итгэмээргүй ч юм шиг хакерын жинхэнэ мангас болсон цахим ертөнцийн хатан хаан Саландер. Эмэгтэйчүүдийг зовоодог эрчүүдийг үнэн голоосоо үзэн яддаг эршүүд зэвүүн Саландер. Энэ мэтээр зохиолын гол баатрыг маш олон талаар тодорхойлж болно. Гэхдээ хамгийн сүүлийн хариулт нь өсвөр насандаа ээжийг нь зовоож байсан харгис хэрцгий ааваасаа болж эрчүүдийг үзэн ядаж, өөрийгөө гаргуунд нь хаяж, өөрийгөө хамгаалах чадваргүй гэж нийгмийн хамгаалалтанд орсон өрөвдөлтэй нэгэн эмэгтэй. Энэ бол зохиолын зангилаа.

Өнөөдөр манай нийгэмд гэр бүлийн таагүй харилцаанаас болж олон мянган охид, хөвгүүд үзэн ядалт, өшөө хорсолт дунд өсөн торниж байна. Тэдгээрийн тод жишээ бол Саландер. Тиймээс энэ зохиол бол уран зохиолын талаасаа гайхамшигт адал явдалт хөтлөхөөс гадна хүүхдийн хүмүүжлийн талаар, өсвөр насанд нь тохиолдсон харгис хэрцгийлэл хүний хүмүүжилд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг, тэр их үзэн ядан ядалт юунд хүргэдгийг хэлж өгнө.


Зохиолын гайхамшигт өрнөлийг, хэний ч таашгүй гэмээр адал явдалд хөтөлж байгааг дурдахгүй байхын аргагүй. Энэ бол зохиолчийн уран чадвар, энэ бол зохиолчийн өргөн мэдлэг, нийгмийн судалгааны үр дүн. Хүчний байгууллагын мэдэгдэл, хэвлэл мэдээллийн байгууллагын өгөөш болж, олон нийтийн тархийг угаагч хүчтэй хэрэгсэл болж байгаа өнөөгийн нийгмийн нийтлэг дүр төрх. Харин тэр бүхэнд авталгүй хувиараа мөрдөж эхэлсэн авьяаслаг сэтгүүлч Бломквист. Яг үнэндээ Бломквист шиг цөөн ч хамаагүй сэтгүүлчтэй байхад тухайн нийгэм, уншигчид ёстой оюунаар хөглөгдөх байх гэж бодогдсон. Хэрвээ би сэтгүүлч байсан бол энэ номыг уншаад яг л түүн шиг сэтгүүлч болохыг мөрөөдөх байсан байх.

Comments