ТААЖ МЭДЭХГҮЙ ТАВИЛАН

Өртэй юм шиг хувь тавилангийхаа Өчүүхэн нэгэн боол нь би Өшөөтэй юм шиг хүмүүстэй Ерөөлтэй юм шиг учрах тавилантай хэмээн зохиолч Л.Сарантуяа “Тавилан” романыхоо арын хуудсанд өгүүлжээ. Өнөөдрийг хүртэл уншсан номнууд дунд маань арай ч дээ гэж дуу алдуулж, ингэтэл их сэтгэлийг минь урсан ном төдийлөн таараагүй санагдаж байна.
Монгол зохиолч маань арьс өнгөөр ялгаварлагдаж байсан өнгөт арьстнуудын эмгэнэлт хувь тавилан, гадаадын иргэн, тэр дундаа өнгөт арьстантай гэрлэхэд тулгарах бэрхшээлийг энэхүү зохиолоороо гайхалтай илэрхийлэн гаргажээ.
Нэг үгээр хэлэхэд тэрээр дэлхий хэмжээний үндэстэн дамнасан гэмт хэрэг, мафийн талаар өгүүлснээр энэхүү зохиолд илүү их хүчийг өгч, өөрийгөө хэдий хэрийн цараатай зохиолч вэ гэдгээ харуулжээ. Насаараа мал маллаж, Монгол Улсын Гавьяат малчин хэмээх эрхэм цолыг нэр хүндтэй авч явж, нутаг усандаа хүндлэгдсэн Данзан гуай, тэдний хүүхдүүдийн амьдралаар төлөөлөн өнөөгийн нийгэмд бий болсон мөнгөний төлөө юуг ч хийхээс буцахгүй болсон хэсэг нөхдийн төлөөлөл хийгээд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж буй бузар булайг илчлэн, гэр бүлийн нууц харилцаа, түүнээс урган гарч буй гэр бүлийн тогтворгүй байдлыг илтгэн харуулжээ. Хөнгөн гуниг төрж яах бол гэсэн ганц асуултанд намайг хөтөлсөөр байсан энэхүү зохиолын өрнөл хэсэг арай ч ийм тавилан байдаг гэж үү хэмээн шүүрс алдмаар сэтгэгдлийг төрүүлж байлаа. “Үйлгүй байсан тэнгэрээс тунгалаг гэгчийн бороон дусал шаагин Баянгийн тэнгэр эмгэнэн гашуудах аж. Ижил хүрэн уулс навталзах шиг гашуудлын цувааг тосон дуниартана. Буянаа үлдээгээд буцаж ниссэн Эр бор харцагын домог ийнхүү оршвой.” хэмээн өгүүлснээр төгсөх энэхүү зохиолыг уншиж эхлэхээсээ төгсгөл, төгсгөлөөс нь өнөөг хүртэл ийм гайхалтай зохиолыг бичсэн тэр нууцхан хатагтай хэн байгаа бол гэдэг асуулт хэвээр байж, тэрхүү хатагтайг мэдэхсэн гэсэн нууцхан хүсэл намайг хөтлөнө. Яагаад гэвэл өнөөдөр надад энэхүү номоороо дамжуулан гадаадын хүнтэй гэрлэвэл тулгарах саад бэрхшээлийг таниулж, ер нь гадаад хүнтэй Монгол эх орноо, уламжлалаа хадгалж үлдэхийг хүссэн буурал хөгшидийнхөө сэтгэл рүү ус цацаж буйтай адил тийм их харуусал, гуниг төрүүлдгийг энэхүү зохиолоороо таниулж өгсөн болохоор. Надад гэлтгүй олон олон Монгол залууст маань нэгийг бодогдуулж байгаа бизээ. Бас биднийгээ өсгөх гэж олон олон хоногийг дутуу нойртой хоносон ижийд минь бас бидний гэр бүлд тулгарч байсан хагацал зовлон, уйтгар гуниг нүдэнд минь харагдах шиг болж, ижийгээ санан, тэр бүхэнд ижий минь ямархан хэцүү байсан бол гэж ижийгээ дэндүү ихээр өрөвдөж билээ.

Comments