Филиппинд зорчсон тэмдэглэл

 

Цонхоор сэржигнэх салхины чимээ нэг л танил. Яагаад гэвэл энд би Монголчуудтайгаа хамт байгаа. Харин яг сарын өмнө Монголоос ганцаараа Филиппиний бөгчим агаарыг амьсгалан олон орны охид хөвгүүдтэй хамт байсан. Тэнд бүх зүйл шинэ, бүх зүйл өөр байсан. Харин одоо бол суралцах их зорилго өвөрлөн ирсэн Монгол нөхдийнхөө тус дэмээр яг л эх орондоо байгаа юм шиг дураараа загнаж байна. Филиппинд хэдий дураараа байсан ч энэ мэдрэмжийг даанч мэдрээгүй цаанаа л нэг айдастай байж билээ. Гэхдээ би тэндээс маш олон зүйлийг мэдэж, маш олон нөхөдтэй болж, шинэ ертөнцийг нээж чадсан билээ. Энэхүү тэмдэглэлдээ тэрхүү дурсамжит өдрүүдийн талаар товчхон өгүүлэхийг зорилоо. Магадгүй хэзээ нэгэнт цагт Филиппин явахад чинь хэрэгтэй ч байж магад.

Филиппин зорчих замд: Би цаанаа л нэг айдас өвөрлөн далайн эргийн үл таних тэр орон луу хүлгийн жолоо заллаа. Гэрийнхэн маань есөн сард урагшаа сурах болсонтой холбоотой бараг явсны хэрэггүй. Тэнд чинь аюултай гэсэн энэ тэр гэж баахан юм ярих. Англи хэлээ сайжруулах зорилго маань намайг хөтлөн хэний ч юу гэж ч хэлсэнд үл автан би зүтгэсэн. Надад алдах эрх байгаагүй. Бээжингийн онгоцны буудал дээр буугаад аюултай битгий төөрчихөөрэй гэж ах надад баахан захисан. Нээрээ сүрдмээр том юм билээ. Энэ удаад Сингапур луу нисэж байгаа эгч надад зөвлөж ямар ч гэсэн учраа олоод дараагийн нислэгээ хүлээсэн. Таван цаг хүлээсний дараа дараагийн онгоцондоо суун зургаа орчим цаг нисэн Филиппиний нийслэл Манилад бууна. Тэнд Орос охин намайг хүлээж байгаа. Бид хоёр цааш Филиппиний хот Киүзонд очно. Ингээд л амьдрал эхлэх ёстой. Гэтэл энэ удаад миний нислэг гурван цагаар хойшиллоо. Өө бурхан минь ингэж тохироогүй биздээ. Ядаж байхад энэ онгоцны буудал дээр фейсбүүкд нэвтэрч чадсангүй. Хятадад хориотой шүү дээ. Гэхдээ хүмүүс нэвтрээд би нэвтэрч чадсангүй. Нислэг хойшлосны дараахан Манила нисэх олон ч хүнтэй ярилцлаа. Миний хэл дутуу дулимаг, уучилаарай санагдлаа. Би хэлээ овоо гэж бодож байсан ч өөр байжээ. Хэлэх гэснээ хэлж чадахгүй, хүний ярьсныг ойлгож чадахгүй байна. За яана даа гэсэн бодол төрлөө. Өө тийм арай гэж онгоцондоо суутал асгартал бороо орж, аргагүйн эрхэнд онгоц дахин нэг цагийн дараа нисэх боллоо. Энэ үед надад яаж зорьсон газраа очно доо гэсэн бодол төрлөө. Учир нь нислэг хойшилсноо хамт явах хүүхэддээ дуулгаж чадсангүй мөн гэрийнхэндээ, ер нь хүмүүст энэ тухайгаа хэлж тэдний санааг амраагаагүй шүү дээ. Бороо орсоор онгоцны цонхоор харан суухдаа ингээд ороод үүр цайгаасай гэж бодож суулаа. Шөнө Филиппинд буувал би хаачих вэ гэдэг айдас намайг нислэгийн турш зовоолоо. Үнэхээр аймар санагдаад. Бороо зогсож, онгоц нислээ. Бодол болсоор би сая дуг хийлээ.

Филиппинд газардлаа: Би үл таних Филиппинд газардлаа. Яанаа гэж бодсон. Гэхдээ халтар англи хэлэндээ найдан би чаднаа гэж өөртөө урам зориг өглөө. Ямартай ч намайг онгоцны буудал дээр хэн ч хүлээгээгүй гэдгийг сайн мэдэж байлаа. Энд би интернетэд орж намайг энд хүлээж авах хүмүүстэй холбогдож чадна гэдэгтээ итгэл төгс байлаа. Гэхдээ энэ удаад ч би интернэтэд орж чадсангүй. Бээжинтэй харьцуулвал жижиг онгоцны буудал дээр буусан. Буугаад хамгаалагчдаас ганц хоёр юм асууж байгаад цөөн хэдэн хүн суусан сандал дээр ачаагаа чирэн очиж суулаа. Тэнд байгаа хүмүүсээс асуухад тэд нислэгээ хүлээж байгаа бололтой. Тэднээс нэг доллар эндэхийн мөнгөн тэмдэгтээр хэд вэ? гэж асуухад 43 песо гэж хэлсэн. Ингээд ямар ч гэсэн надад байгаа доллар хэдэн песо болох багцаатайг мэдээд авчихлаа. Орон нутгийн дугаар авбал хүлээж байгаа хүмүүстэйгээ холбогдох боломжтой болохоор мөнгөө солиулаад дугаар аваад утсаар яръя гэж бодлоо. Доллар солих уу? гэж асуусан үгүй гэж хэлсэн. Харин нэгэн найзын маань хэлсэнчлэн бүх хүмүүс намайг Hello Madam гэж ирж байгаад л танд хэдэн доллар байгаан бид нар солино гэх юм. Нэг долларыг хэдээр солихын гэж асуухад 43-аас доогуур хэлж байнаа. Мэдээж яалаа гэж солихын тэд намайг юу ч мэдэхгүйгээр далимдан хямдхан солих гэж байна. Бас дугаар зарж буй залуу орон нутгийн дугаар хэд вэ? гэж асуухад надад байгаа 27доллартай тэнцэнээ гэж хэлсэн. Аймшигтай юм намайг юм мэдэхгүйгээр нь далимдаж ийнхүү хэлж байна. Надад ингэдэг тэгдэг гэж зөвлөсөн эгчээсээ та нэг залгуулж болох уу? гэж асуухад нэг минут нь 43 песо. Песогоо өгчихвөл залгаад өгье гэж тэр надад хэллээ. Бурхан минь эх орондоо байсан бол хичнээн муухай ааштай байсан ч гэсэн нэг мессеж бичүүлээд яриулчихна шүү дээ гэж би бодож энэ байдлаараа хэцүүдэх юм байна даа гэж бодлоо. Банк онгойхыг хүлээж мөнгөө солиулахаар шийдлээ. Энэ удаад цаг суугаад ер нь гаръя гээд онгоцны буудлаас гарч мөнгөө солиулан өөрийн очих газраа хэлэн таксинд суулаа. Онгоцны буудлын шар такси үнэтэй гэж манайхан хэлсэн болохоор өөр өнгийн таксинд суулаа. Энэ такси хувийн хэвшлийн ч юмуу, улсынх ч юм уу би мэдэхгүй. Гэхдээ л албан ёсны шинжтэй юм. Авах мөнгөө цаасан дээр бичиж өгч байна лээ. Таксины жолооч бид хоёр жаал хуучлав. Буусан газраасаа нэлээд хол явах тул Филиппин улсын ерөнхий төрхийг ажиглалаа. Халуун уур амьсгал намайг угтан хаа сайгүй алхах хүмүүс шүхэр барин нарнаас хамгаалж байнаа. Охид, эмэгтэйчүүд гэлтгүй ихэнх хүмүүс жинс өмсөж хаа нэгтэй байх ажил сургуульдаа яаран алхана. Ийм халуун байхад манай улсын нийслэл байдаг билээ гэж харьцуулан бодсоор.
Филиппиний зарим нэг онцлог зүйлс: Миний анхаарлыг татсан зүйл бол энэ улсын тээврийн үйлчилгээ. Нэг урсгалдаа 5-6 эгнээтэй. Эгнээ бүрт ямар тээврийн хэрэгсэл явахыг зааж өгсөн. Тээврийн хэрэгслийн замд төдийлөн түгжрэл гарч, хэрүүл уруул гарахгүй тайван шинжтэй. Харин миний сууж явсан таксиг манай том оврын автобусны адил автобус шүргэчихлээ. Манай таксины жолооч буун нэлээдгүй хугацаа өнгөрөв. Автобуснаас гарч ирж байгаа жолооч, кондуктар хоёр ижил өнгийн цамц өмсөж, энгэртээ мөн л ижил мандат маягийн юм зүүжээ. Голын дунд гараараа заан зам зохицуулж байсан кобе малгайтай, алиалагч адил гутал өмссөн зохицуулагч ирэн, юм тэмдэглэж аван барагтай л 15 минут боллоо. Автобусны кондуктор жолооч хоёр ээлжлэн гарч ирж, тэд маргалдаад л байгаа бололтой. Жолооч ах машинаа заагаад л эцэст ах автобусны орлогынх нь мөнгийг аван намайг хүргэж өгөхөөр хүлгийн жолоо заллаа. Тэр ах намайг найдвартай хүргэж өгсөн. Ер нь бодоод байхад таксины жолооч ч бас чухал юм билээ шүү. Ялангуяа газар мэдэхгүй хүнийг найдвартай хүргэж өгөөд зогсохгүй, өөрийнхөө орны тухай олон зүйлийг ярьж өгөөд л. Филиппинд унадаг дугуй, мотоцикл, бүхээгтэй мотоцикл маш түгээмэл. Бүхээгтэй мотоцикл хамгийн хямдхан. Унадаг дугуй, бүхээгтэй мотоциклийн жолооч нар газар мэдэхгүйгээр нь далимдаад бас хөөрхөн хэдэн песо илүү авах гэж чармайдгийг эс тооцвол дажгүй. Би анх бүхээгтэй мотоциклтой хүмүүс эхнэр хүүхдээ авч явдаг юм болов уу? гэж бодсон үгүй байсан юм юм билээ. Манайхаар микро автобус нь Филиппинчүүд өөрсдөө бүтээсэн Жипни. Тэнд кондуктар байдаггүй. Хүмүүс суугаад песогоо өгөхдөө буух газраа хэлнэ. Жипни нь энэ орны цаг агаарын байдалд тохирсон салхи ороход зориулагдсан 2 хажуу талдаа цонхтойгоос гадна ар талдаа нилэнхүйдээ хаалгагүй. Би анх очоод энд хэн суудаг байнаа гэж бодож байсан ч сүүлд байнгын үйлчлүүлэгч нь болж билээ. Миний солилцоогоор очсон их сургууль Филиппиний хамгийн том сургууль. Манайхаар МУИС гэсэн үг. Энэ сургуулийн оюутны хотхон үнэхээр том. Хотхонд байхгүй юм гэж байхгүй. Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх спортын талбай, гүйлтийн зам, гудамжны хоол, Азийн соёлын төв, Олон үндэстний хоолны газар, за тэгээд салбар сургуулиуд, оюутны байрууд. Сургуулийн төлбөр нь оюутнуудын сонгосон хичээлийн тооноос хамаараад өөр өөр байдаг гэсэн. Ойролцоогоор манайханы нэг жилийн төлбөртэй тэнцдэг юм билээ. Далайн шуурга, хар салхи болно гэж мэдэгдвэл тэр өдрийн хичээл ордоггүй байх жишээтэй. Энэ мэтээр их сургуулиуд нь оюутны хотхон хэлбэрээр хөгжсөн нь их зүгээр санагдсан. Ахлах сургуулийн сурагчид ижил өнгийн хувцсаар жигдэрсэн байдаг ч зарим нэг сургуулийг манай сумын сургуультай харьцуулахад материаллаг бааз орчноороо маш муу санагдсан.
Филиппин хүмүүсийн сайхан сэтгэлд талархая: Би энд ирээд олон орны олон найз нөхөдтэй болсон. Хятад, Солонгос, Вьютнам, Индонез, Пакистан тэргүүтэй Азийн орнууд, Герман, Орос, Бельги, Испани, Словак, Турк тэргүүтэй Европын орны хүүхдүүдтэй хамтдаа байж нэгэн гэр бүлийг цогцлоов. Нэг үгээр тэд миний олон улсын найзууд. Бид бие биенээ төөрчихвий, ингэчихвий гэж зөндөө санаа зовно. Нэг их хөөрхөн сэтгэлээсээ ханддаг байж билээ. Мэдээж ойр хавийн Филиппинчүүд бас биднийг маш их харж хамгаална. Филиппинчүүд маш их эелдэг, тусч хүмүүс юм билээ. Би Монголоос ганцаараа явсан болохоор хааяа хааяа ганцаараа гадуур гарна. Цагдаа нараас баахан яаж тийшээ явах вэ?, яаж ийшээ явах вэ? гээд л баахан шалгаана. Ямар сайндаа Монголдоо ирсэн манай цагдаа нар нэг их хөөрхөн харагдаад байсан. Ер нь гадаадад амьдарна гэдэг, гадаадад явна гэдэг тийм ч амар биш санагдсан. Халуун орны хүмүүс хөрслөг бор харин бидний арьс шар. Ганцаараа гудмаар явах тохиолдолд үнэн түгшүүртэй. Хүн болгон эргэж хараад өөрсдийнхөөрөө хэлээр дуржигнатал ярина. Миний амьдардаг гудам ер нь ядуу хүмүүс байдаг болохоор үнэр, орчин үнэхээр муухай. Тэр хэрээр ганцаараа явахад их хэцүү санагддаг байж билээ. Олуулаа явахад бол хэн ч юу ч гэхгүй, Герман охинтой явбал олуулаа явахад бас их юм ярина. Явах өдрийнхөө өмнөх өдөр би дэлгүүр гарлаа. Урьд нь төлөвлөсөн ёсоороо нөөтбүүкний цүнх авахаар оройн найман цагийн үед дэлгүүр дээр ирлээ. Энэ удаад ганцаараа явсан болохоор яг тэр дэлгүүрт ирсэн хэрнээ яг аль хэсэгт нь миний харсан нөөтбүүкний цүнх байлаа гээд баахан хайв. Би нэг зүйл түргэн хугацаанд саналаа. Өмнө нь энэ дэлгүүрт явж байхад дэлгүүр хаах цаг болсон байртай бүх худалдагч нар жагсаад зогсож байсан юм. Залуучууд нь цэнхэр өмд, жилетик өмсөж, эмэгтэйчүүд нь юбка, жилетик өмссөн байлаа. Би тэдний дүрэмт хувцас гоё харагдаж байсан болохоор сонирхон зургийг нь авсан байсан юм. Дэлгүүрийн давхар бүрт байх хамгаалагч нараас энэ дүрэмт хувцсыг өмссөн худалдагчидтай дэлгүүр хаана байдаг вэ? гэж асуулаа. Тэд нар маш их гайхаж, инээгээд л надад тэнд байдаг гээд хэлж өгсөн. Дэлгүүр хаах цаг ойртсон байсан болохоор гүйн очиж дэлгүүрээ олон цүнхээ аваад тооцоо хийх болов. Би картаар тооцоо хийх гэсэн боловч картан дээр миний гарын үсэг байхгүй гээд бэлэн мөнгөөр тооцоо хийлээ. Би санаанд орсонгүй. Дэлгүүрээс гараад картаа шалгахад миний картанд санаснаас маань бага мөнгө байлаа. Би бүр хачин царайлав. Картнаас мөнгө авахаар тэндэхийн мөнгөөр 200 песо суутгагдана тэгэхээр бараг онгоцны буудал руу таксидах мөнгөгүй болж орхих юм. Дотор харанхуйлаад явчихав. Ядаж байхад нь тэр хавийн АТМ-үүд миний картыг уншдаггүй. Би бүр гайхаж, эцэст нь дэлгүүр дээр очиж мөнгөө буцааж аваад картаар үйлчлэж болох уу? гэж үнэн голоосоо гуйхаар шийдлээ. Хамаг байдаг хэлээрээ худалдагчид нь бараг уйлангаа алдан надад туслаач би яах вэ? гээд л баахан учирлалаа. Гэтэл тэд надаас уучлалт гуйн мөнгийг эргүүлэн өгч, би цүнхээ эргүүлэн өгөв. Би баярлаж бас Монголын худалдаачид байсан бол яах болоо гэж эргэцүүлэн бодож билээ. Энэ өдөр бороотой бүрсгэр тийм хачин өдөр байсан хэрнээ 50 гаруй хоносон Филиппин орон нэг л өөр харагдсан шүү.
Соёлоо сурталчиллаа: Би ер нь их үндсэрхэг хүн. Филиппинд миний хийж байсан зүйл маш энгийн. Ахлах сургуулийн сурагчдад соёлоо сурталчилж, Монгол улсынхаа гайхамшигуудаас танилцуулж байсан. Бас Филиппин хүүхдүүдийг шагайгаар тоглуулсан. Тэд маш их гайхаж байсан. Тэр хугацаандаа бас маш олон орны түүх дурсгал, соёлын гайхамшигтай танилцсан. Манай хөтөлбөрийн зорилго нь ахлах сургуулийн сурагчдад улс орнуудын соёл, зан заншил, гайхамшигийг танилцуулахад оршиж байсан юм. Энэхүү хөтөлбөрт 10 гаруй орны 20 гаруй залуучууд оролцсон. Тэд бүгд өөр өөрийн соёлтой, өөр өөрийн өвөрмөц онцлогтой залуус байсан ч бид GLOBAL VILLAGE гэдэг нэрийн дор нэгэн гэр бүлийг бий болгосон юм. Миний хамгийн их сонирхсон соёл бол муслим шашны онцлог. Энэ шашны талаар мэдээлэл надад төдийлөн байгаагүй. Муслим найзуудтайгаа явж байгаа тохиолдолд оройн зургаа гучаас хойш ямар нэг юм идэх болдог. Тэд шашнаа маш их хүндэтгэдэг, тэр хэрээр тэдний баримталдаг зарчим хатуу. Харин найман сард тохиосон муслим шашинтнуудын баяраас хойш цаг харгалзахгүйгээр хоол иддэг болсон доо.
Дүгнэлт:
Филиппин улс ер нь хөгжил нь жаахан хуучиндуу маягийн. Байшин барилга, зам нь үнэхээр бөх. Магадгүй далайн салхи, шуурга ихтэй болохоор аргагүй л байх. Манайхтай харьцуулбал бат бөх. Харин манай зам жил болгон засварт орж, улсын төсвөөс хэд хэдэн саяараа мөнгө гардгийг хэн хүнгүй мэднэ шүү дээ. Нээрээ Филиппинд метро маш сайн хөгжсөн. Метро болгоны буудал дээр дэлгүүртэй. Дэлгүүр нь манайх шиг бас сүлжээ санагдсан. Ялангуяа хүнсний супермаркетуудын өнгө нь хүртэл ижилхэн. Тэгээд бүгд адилхан маш олон хүн холхилдоод л. Яг үнэндээ энэ бүхнийг үзсний хүрээнд ганцхан дүгнэлтэнд хүрсэн. Манай хотын удирдлагууд нэг их хөөрхөн манай хот метротой болно. Хөгжинө гээд л байдаг. Харин зарим нэг иргэд манай улсын хөгжил дорой, хот нь метро ч байхгүй гэж ярьдаг. Яг үнэндээ хоёр сая хүн бол зарим нэг улсын нэг хотын хүн ам. Жишээ нь Филиппин 10 хэдэн сая хүн амтай, 41 нь мужтай. Ийм улсын хөгжлийг 2 сая хүн амтай, 21 аймагтай харьцуулах хэцүү биздээ. Ер нь манайх 200 гаруй жил Манжийн дарангуйлалд хамгийн харанхуй бүдүүлэг байсан. Гэтэл тэр үед Филиппин дэлхийн хүчирхэг гүрэн Испанийн колони, дараа нь Их Британы колони болсон. Тэд Филиппинд маш олон зүйлийг хийж, соёлоо нэвтрүүлж чадсан. Гэтэл манай улсын дарангуйлагч үндэстэн өөрсдөө мөхсөн. Ийнхүү харьцуулвал, тоочвол бодох, санах олон л зүйл байна. Би яг үнэндээ цөөхөн Монгол маань энэ хэвээрээ эвтэй байж, цаашид улам л хөгжиж байвал бидэнд дутах зүйл юу ч байхгүй санагдсан. Чи Монголоос ирсэн үү?гэж шууд асуухгүй ч Би Монгол Хүн гээд бардам хэлэхэд Аан Mongolia гээд хүн бүр хүлээж авч байгаа нь надад сайхан санагдсан. Тэнд шашин ямар чухал гээч хүн бүхэн ямар шашинтай вэ? гэж асуудаг. Ихэнх хүн нь христийн шашинтай, Мөн муслим шашинтай хүн багагүй хувийг эзлэнэ. Шашин хүнийг хүмүүжүүлж, ёс суртахуунлаг болгодог санагдсан. Хэдий эрх чөлөөтэй ч гэсэн шашныхаа зан үйлд хүмүүс аж төрдөг. Залуучууд нь их зөв төлөвшсөн. Бас тэд төгсөөд эх орондоо ажиллаж амьдарна гэж ярьдаг. Тэд цэцэрлэгт байхаасаа англи хэл үздэг болохоор англи хэлийг бараг бүх хүн мэднэ. Тиймээс хэрвээ тэнд англи хэл сурахыг хүсвэл дажгүй орчин шүү.

8 сэтгэгдэл:

aagii (зочин)
chadnaa gsen itgeldee hotlogdon chadsan chadwarlag busgui chamd amjilt husii moroodloor jiguurlesen dalawchaa uurd dewen ulam deeshee nis magadgui bi araas chini udahgui nisne shuu
Urnukh (зочин)
Баярлалаа
Чулуундоржийн Нямсүрэн
Баярлалаа. Итгэл бас хичээл зүтгэл байхад зорьсондоо хүрч чаднаа бүгдэд нь амжилт миний блогоор зочилсонд баярлалаа.
Gandold (зочин)
Сайн байна уу? блогоор чинь аялах сайхан байлаа нилээд олон цаг зарцуулчихсан байна. гэхдээ гоё байлаа завтай байх үедээ орж баймаар санагдсан шүү. хүсэл мөрөөдөлдөө туушдаа байгаа, хийж бүтээх хүсэлд чинь амжилт хүсье. чи чаднаа дэмждэг шүү.
Gandold (зочин)
Сайн байна уу? блогоор чинь аялах сайхан байлаа нилээд олон цаг зарцуулчихсан байна. гэхдээ гоё байлаа завтай байх үедээ орж баймаар санагдсан шүү. хүсэл мөрөөдөлдөө туушдаа байгаа, хийж бүтээх хүсэлд чинь амжилт хүсье. чи чаднаа дэмждэг шүү. дээрх бүгд аялал мэт санагдалаа (уншаад баймаар) ккккккккк
Чулуундоржийн Нямсүрэн
Баярлалаа...
Нойргүй Хүн
Амтархан уншлаа, амжилт^^
Чулуундоржийн Нямсүрэн
Баярлалаа. Миний блогоор зочилсонд. http://huselmoroodol.blogspot.com/ энэ миний бас нэгэн блог. Блог хөтөлж эхлэснээс хойшхи бүх бичлэг байгаа хэрэв сонирхвол орж байгаарай. Хятадад байгаа болохоор энэ блогтоо нийтлэл оруулж чадахгүй байгаа. Монголд очоод идэвхжүүлнээ.

Comments

  1. Таалагдлаа баярлалаа. би бас удахгүй энэ орон руу явна. Хятадад сурдаг болохоор визний асуудлаа яах вэ гээд л байж байна. Өөрөө ямар визээр явсан вэ?

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу. Филиппин лүү 21хоног визгүй зорчдог юм билээ. Би тэгэж яваад очоод сунгуулсан. Тэнд виз сунгуулах нэлээд үнэтэй болохоор явахаасаа өмнө сунгуулсан дээр байх. Бээжинд филиппиний виз сунгах байхаа.

      Delete

Post a Comment