СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ҮРГЭЛЖИЛЖ САНАЛ ӨГӨХ ӨДӨР ОЙРТСООР

2012 оны 06-р сарын 22

Улс шиг хөгжье...
Эх орондоо сайхан амьдаръя...
Монголдоо сайхан амьдаръя...гэх уриа лоозон бүхий самбар, туг, нэр дэвшигчдийн зурагт самбар их хотын үзүүлэн болсоор нэлээдгүй хоногийг өнгөрөөлөө. Тэдний зарим нь өнгө үзэмж нэмж, зарим нь бүр хотын сүрийг дарна. Энэ бол өдгөө парламентын болон Нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж буй намуудын сурталчилгаа үргэлжилж байгаатай холбоотой юм.
Хараад байсан одоо бүх зүйл сонгууль дээр төвлөрч байна. Сонгуулийн сурталчилгаа хийж буй ухуулагчид, арын албаныхан сонгууль дуусангуут сайхан амрана, дэмжсэн нам, гишүүн нь ялвал янзтай тэмдэглэнэ, иргэд олон нийтийн дунд сонгуулийн маргааш юу болох болдоо гэсэн айдас зэргээр сонгуулийн маргаашаар бидний амьдрал өрнөж байна.
ЕР НЬ СОНГУУЛИАР МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ ХЭМЖИГДДЭГ ГЭХЭД БОЛНО ДОО.
Сонгуульд ялсан нам, улстөрийн хүчин, хүн мөрийн хөтөлбөрөөрөө дөрвөн жил улсын бодлогыг тодорхойлно, дахиад ялахын тулд баахан хөтөлбөр дэвшүүлж, ирэх дөрвөн жилд гэж ярина. Харин тэдгээрээс хэрэгжиж байгаа эсэх маш эргэлзээтэй. Бүгд сайхан ярьдаг, цаасан дээр буулгадаг. Гэхдээ хэрэгжиж байгаа нь туйлын бага хувийг эзэлнэ. Үнэн худал нь мэдэгдэхгүй идсэн уусан, хардлага сэрдлэгэ дэвшүүлж өрсөлдөгч намуудаа муулна. Хэн нь хэн нь худал хэлээд байгааг ойлгоход ч бэрх.
Иргэд ч өмнөх сонгуульд танайх ийм мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Тэр чинь биелэсэн нь хаана байна гэж баримт харж, дүн тавьж, асуулт тавих нь төдий л байдаггүй. Энэ байдлыг улстөрийн хүчнүүд мэддэг болохоор иргэдийн мэдлэг дээр тоглолт хийн өөрсөддөө санал өгөхийг уриалдаг.
Тиймээс сонгуулиар бүх зүйл дуусах гэж байгаа юм шиг сонгууль дээр хүн, мөнгө, хөдөлмөр байж болох бүх л хүчийг хаядаг. Улстөрийн нам хүчнийхэн ялахын тулд хүч хаяна, иргэд олон нийт сонгууль дээр ажиллаж мөнгө авахын тулд халуун наранд материал тараахаас эхлэн хүч хөдөлмөрөө хаяна. Нам эвслийн ухуулагч нар айлын хаалга тогшиж, гэрийн эзэн залхсан маягтай сурталчилгааны сонин, сэтгүүлүүдийг гэртээ хурааж, хаяж, урж, цөөхөн хэсэг нь дэмжиж буй хүнийхээ материалыг зорин уншина.
Сонгуулийн сурталчилгаанд яваад баяжина гэж зарим нь төсөөлнө. Нэр дэвшигчид нь ч бас хөөрхөн мөнгө, албан тушаал амална. Ингээд бодохоор бид сонгууль гэж дөрвөн жилийн тойрогт орж, сонгогдсон улстөрийн хүчин, нам тэдгээрийн гишүүд дөрвөн жилийн хугацаанд цуглуулсан хэдэн төгрөгөө дараагийн сонгуулийн сурталчилгаанд хүчлэн цацаж, ялчихаад ирэх сонгуульд өрсөлдөх мөнгөө цуглуулна, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглана.
Хөгшин залуугүй нам ярьж талцана, хөдөө хотгүй сонгуулийн сурталчилгаа үргэлжилнэ. Халуун наранд уулзалттай гэж улстөрчид иргэдийг хүлээлгэнэ. Хажуу хавирганаас зарим нь одоо ингэж их хүлээлгэж, иргэдийг залхааж байгаа хүмүүс УИХ-д гараад юм хийх үү?гэж ёжлоно. Энэ ч бас үнэн үг магад шүү. Аагим халуун наранд ахмад голцуу хүн цуглуулчихаад эгээ л Монгол цагаараа их л сүртэй хурлаа эхлэнэ. Энэ үнэхээр ард иргэдээ, сонгогчидоо хүндэлж байгаа хэрэг мөн үү? Таяг тулаад яаран яаран тэдний мөрийн хөтөлбөрийг сонсох гээд, дэмжих гээд ирж буй эмээгийн зүтгэлийг тэд л лав ойлгохгүй байгаа.
Олон нийт иргэд маань олон ч жил сонгуулийн сурталчилгааны гоё сайхан ярианд автаж сонголт хийсэн болохоор ямар хийх биш, үнэн ярьдаг биш гэсэн итгэл хугарсан янзтайгаар ухуулга, сурталчилгаанд нь хамрагдана. Эргээд л харахад сонгууль үргэлжилсээр, ийм л өдрүүдэд нэхэн үргэлжилсээр... ээдээ энэ сонгуулиа гэж...

Comments