Нас чацуу, намайг хүмүүжүүлсэн ардчилал...

2011-2-15
Хувь хүний эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн нээлттэй байдал, гадаадад чөлөөтэй зорчих, эвлэлдэн нэгдэх зэрэг эрхүүд ардчилалын салхи, хонхны дуутай хамт ирсэн.1989 оны ардчилалын салхи сэвэлзэж байх үед эх орондоо бүл нэмж, эцэг эхдээ хайр дагуулж ирснийгээ ихэд бэлэгшээдэг.
Монголын нийгэм, эдийн засаг доройтсон, ард иргэд тухайн үеийн тогтолцооноос залхсан байдалтай байсныг ардчилалын өмнөх он жилүүдийн тухай хүмүүсийн яриа, зохиол бүтээлээс уншиж байсан. Тэгээд ардчилсан өөрчлөлт гараагүй байсан бол би ямар байх байсан бол хэмээн төсөөллөө. Бодсон чинь өөрийгөө хөгжүүлэх чин эрмэлзлэлтэй, хүсэл эрмэлзлэл, өөрийгөө ойлгоход цаг заваа гаргаж чаддаг, чөлөөт цагаараа олон нийт, сайн дурын байгууллагад явж өөрийгөө илэрхийлдэг Нямсүрэн биш эцэг эхийнхээ хүсэл сонирхолоор мэргэжлээ сонгосон, тэр мэргэжлээ дуртай ч дургүй эзэмших гэж зүтгэдэг ч юмуу эсвэл өөрийн сонирхдог зүйл, орчин үеийн техник, технологийг хүссэнээрээ хэрэглэж чаддаггүй, бараг мэддэг ч үгүй нэгэн байсан байх. Харин ардчилалын салхиар амьсгалан төрснийхөө хувьд хүүхэд залуусын сонин сэтгүүл, телевизийн нэвтрүүлэг, улс төр, бизнес, соёл урлаг спортынхны амжилт бүтээл, нээлттэй илэн далангүй байдал, үлгэр дууриал, олон нийтийн байгууллагуудын залуусын дунд зохион байгуулж байгаа тэмцээн уралдаан, техник технологийн хөгжил дэвшил зэрэг намайг өөрийгөө олох, өөрөөрөө байх үндсэн нөхцлийг бүрдүүлсэн юм. Ингэснээрээ би ардчилалын бүтээгдэхүүн, ардчилсан иргэн юм. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болсон, ёс суртахууны өндөр хүмүүжилтэй, өөртөө итгэлтэй хүн дэлхий ертөнцийн жинхэнэ баялаг болсон өнөө цаг үед Монголын залуус дээр дурдсанчлан өөрийнхөө чаддаг зүйлд хүчээ сорьж, авьяас чадвараа хөгжүүлэн хүмүүжиж байгаа нь ардчилсан хувьсгалын үр нөлөө хувь хүний төвшинд, Монголын ирээдүйнд ач холбогдлоо өгч байгаагийн хамгийн наад захын жишээ юм.
Тэртээ ардчилсан өөрчлөлтийн он жилүүдэд Монголчуудыг уриалан дуудаж, ардчилсан үйл явцын зохион байгуулагчаар оролцож байсан сэхээтэн залуус өдгөө Монгол түмний баатар, хүндэтгэлийг хүлээсэн, улстөрийн удирдагчид болсон байгаа нь ардчилал бидэнд аугаа их бахархал өгсний нэгээхэн илрэл  юм. Анхдагч байсан ах нар маань бидний бахархал болон, аз жаргал, сайхан амьдралын түлхүүрийг бидэнд атгуулсан. Үндэсний бахархал, үндэсний хөгжил, шинэчлэлийн эхлэл болсон ардчилал бидэнд дэндүү ихийг өгсөн болохоор ардчилал ялаагүйгээр Монголыг төсөөлөхөд тун бэрхшээлтэй юм. Энэ ч үүднээс хүн бүхэн хариуцлагаа ухамсарлан, өөрийн төлөө хөдөлмөрлөх мөч бүхэнд ардчилалын үнэ цэнэ мэдрэгдэж байгаа билээ. Э.Бат-Үүл[1] нэгэнтээ “Ардчилал бол Монголчууд бид өөрөө өөрийгөө гаднын хэнээр ч заалгахгүй мэдэхийн баталгаа, тусгаар тогтнолын дархлаа.”хэмээн өгүүлжээ. Энэ дархлаа эрин цагийн мөч бүхэнд бат бөх байх нь залуус бидний хөдөлмөр зүтгэл, амьдралдаа хандах хандлагаас шалтгаална хэмээн бодож байна.

[1]  Э.Бат-Үүл Монголын ардчилалд одоо л бодит аюул тулгарч байна. УБ.,2006 16 тал


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2011-8-9 -
Бичсэн: doogii (зочин) IP: 202.179.20.157 Монгол
nzdaa amjilt гоё шүү
. Шууд холбоос . Засах . Устгах

Comments