Таньдаа л очих гэж яарлаа.

2012-2-17
Нар гийсэн тунгалаг өглөө ажилдаа явахад яагаад ч юм сэтгэл санаа үнэхээр өөдрөг байлаа. Удахгүй ээж дээрээ очих гэж байгаа болоод ч тэрүү нэг л зүйлд яарч, нэг л зүйлийг маш ихээр хүлээнэ. Энэ хорвоод төрүүлж өсгөсөн ижийдээ үнсүүлэх гэж, намайг хүлээн бэлдсэн цайг нь уух гэж тэр байх.
Миний амнаас ээж л гэж үг гардаг. Яагаад гэвэл би аавыгаа бүдэг бадаг мэддэг, түүнтэй хамт өнгөрөөсөн дурсамж бараг л байхгүй учраас тэр. Гэхдээ би аавыгаа маш их санадаг. Бусдын л адил аав минь гэж ярьж, ааваараа үнсүүлэхийг хүсдэг. Харин хэдий нь хожимдсон ухаарал ч гэсэн аав маань тэнгэрээс намайг хараад байж байгаа болохоор би сайн явах ёстой.
Саяхан эгч маань надад – Аавынхаа бурхан дээр цалингаараа юм аваад очоорой гэсэн. Хорвоод ийм ухаалаг хийгээд нинжин сэтгэлтэй эгчтэй болж төрсөндөө би өөрөөрөө бахархдаг. Аавын минь оронд аав болж, ээжийн минь оронд ээж болж орой очиход хоол хийгээд угтдаг, намайг сурч мэдэх боломжоор хангадаг болохоор би эгчтэй маш их өртэй. Ийм учраас би эгчийнхээ энэ их сэтгэлийн хүчийг заавал хариулах ёстой.
Надад маш олон салбарын найзууд бий. Би ажил хэрэг, анд нөхдийн харилцаагаар танилцсан хэнийг ч болов миний найз гэж боддог. Би тэр хүнд таалагдсан, таалагдаагүйгээс хамаараад тэд бол миний хамтрагчид. Яагаад гэвэл бид ирээдүйд эх орны ирээдүйг бүтээлцсэн сэхээтнүүд болно гэдэгт бүрэн итгэлтэй байдаг.
Дэндүү бардам хэлж байгаа ч миний ирээдүй үнэхээр гэрэлтэй харагддаг. Монголын хамгийн мундаг залуусыг ямар нэг байдлаар таньдаг, ямар нэг байдлаар хамтран ажилласан байдагтаа би өөрөөрөө бахархдаг. Би хангалуун баян тансаг амьдралтай биш. Гэхдээ надад сэтгэл хангалуун гэр бүл, хэзээд намайг түших найз нөхөд, томоос том зорилго бий.  Энэ бол миний хувьд хангалуун амьдрал. Цаашид улам их зүйлд тэмүүлнэ.
Миний дүүд хааяа надад ч гэсэн зуун төгрөг ч гэсэн хэмнэх хэрэгтэй байдаг. Ээжийнхээ нуруун дээр өнчирөн үлдсэн миний дүү өсч хүмүүжиж, амьдралын үнэ цэнийг ийнхүү мэдэрсэн том залуу болсныг хараад үнэхээр их баярладаг яагаад гэвэл тэр архи ууж, гадуур тэнэж бидний сэтгэлийг өвтгөдөггүй.
Зарим хүмүүс намайг нийгмийн идэвх хөөгөөд хичээлээ хийгээд л байж байдаг гэж боддог байх. Тэр дундаа үерхэл энэ тэрд хөндий байх гэж. Гэхдээ би хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн сайхныг мэдэрч бас хайраас болж үхтлээ шаналж үзсэн. Яахав бүтэлгүй л хайр байгаа биз. Юунд ч юм тэмүүлж, цаг хором бүрт бодож, мессеж ирэхээр нь догдолж байсан сайхан хайрыг мэдэрсэн, бас түүнээс болж дэрээ нортол уйлж ч үзсэн. Миний хувьд энэ бол сайхан дурсамж. Харин би намайг тэгтлээ дурлуулж байсан сайхан залууг сайн яваасай гэж хүсдэг. Тэгээд хэзээ нэгэн цагт түүндээ баярлалаа гэж хэлэхийг хүсдэг. Яагаад гэвэл түүнээс өмнө хэн ч надад хайрын үнэ цэнийг ийнхүү мэдрүүлээгүй шүү дээ. Товчхондоо тэр бол миний анхны хайр байсан. Хааяа бодоод зүгээр л уйлчихдаг юм.
Энэ мэт миний амьдралд маш том өөрчлөлт, өнгө, сэтгэл хөдлөл өгсөн олон хүн намайг хүрээлж байгаа болохоор би амьдралд дэндүү хайртай. Тиймээс би амьдарсан шиг амьдарч, хайрласан шиг хайрлаж, сэтгэл хангалуун амьдралыг бүтээх болно.

Comments