Төрийн бодлогын талаарх эргэцүүлэмж

2012-5-30
Арван жилд тооны хичээл дээр бодлого бодох хамгийн том ажил байлаа. Бодсон бодлогоны хариу зөв гарах юм бол маш их аз жаргалыг мэдрэх нь тэр яагаад ч юм урамшаад, баярлаад, нэг л итгэлтэй болчихдог байж билээ. Харин төрийн бодлого тоо бодоод хариу гаргахдаа адилхан амар зүйл биш бололтой.

Би хувь хүнийхээ хувьд өөрийнхөө болон эцэг эх, найз нөхдийнхөө өмнө хариуцлага хүлээдэг бол төр иргэний харьяат ард иргэдийнхээ болон дэлхий нийтийн өмнө хариуцлага хүлээдэг. Тиймээс төрийн бодлого хамгийн сонгомол болоод шигшигдсэн байх ёстой. Харин манай улсын төрийн бодлого ард иргэддээ хэр хүртээлтэй, тэдний сэтгэл хангалуун амьдралыг бүрдүүлж байгаа эсэх нь эргэлзээтэй юм.
“Бодлого бол шийдвэр буюу үйлдлийн хөтөч болсон үйл ажиллагааны төлөвлөгөө юм. Аливаа зүйлийг хийх эс хийхийг засгийн газар сонгодог.” хэмээн Томас Дай хэлжээ. Хамгийн энгийнээр бид усны төлбөртөө, үзүүлсэн эмнэлэгтээ, сурсан сургуульдаа хэдэн төгрөг төлж байна, хэдийг төлөх ёстой вэ? гэдэг бүх л асуудал төрийн бодлогоор зохицуулагдан гардаг. Төрийн бодлогод хяналт тавих субъект нь иргэд бид, бодлогыг хэрэгжүүлэгчид нь бас л бид. Ийм учраас төрийн бодлогыг гаргах эх үндэс нь иргэд бид юм. Бидний амьдралд юу нь болж байна, юу нь болохгүй байна, юу хэрэгцээтэй байна гэдгийг судалсны үндсэн дээр төрийн бодлого тодорхойлогдох хэрэгтэй.
Гэтэл өнөөгийн Монголын төрийн бодлого улс төрийн сонгуулийн дөрвөн жилээр тодорхойлогдож байгаа нь туйлын харамсалтай. Хэн хүчтэй, хэн мөнгөтэй байна тэр аль сонгогдох магадлалтай намаас нэр дэвшдэг. Тэдгээр нэр дэвшигчид, нам ард иргэдэд таалагдахын тулд, тэдний амьдралыг сайжруулахын тулд гэх зэргээр уриа лоозон дэвшүүлж, амьдралаас тасархай мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг. Өнөөдөр маргаашийн хоолоо яая гэж байгаа иргэд хэн мөнгө амалсан, хэний ч санаанд багтамгүй гоё юм ярьсан түүнд саналаа өгдөг. Ингээд л улстөрчид амалснаа биелүүлэх гэж, дараагийн сонгуульд гарах гэж ирээдүйгээ ч харалгүй, юм хийж байгаагаа харуулах гэж хэрэгтэй хэрэггүй баахан хууль дүрэм, журам гаргана. Харамсалтай нь тэрхүү хууль дүрэм, журмууд нь биелэлээ олох нь цөөхөн хувийг эзэлж, цагаан дээр хараар бичигдсэн хэвээр үлдэнэ. Арга ч үгүй байхдаа ямар иргэдийн амьдрал, тэдний хэрэгцээг судалж бодлого гаргаж байгаа биш.
Эсрэгээрээ бодлого, шийдвэрээ иргэдийн амьдрал дундаас, тэдэнд тулгамдаж байгаа, тэдэнд ойлгогдохуйц байдлаар гаргавал арай л амьдралд ойрхоноос гадна хэрэгжилт сайн байх ёстой. Энэ юу хэлээд байна вэ? гэхлээр бидэнд улстөрийн мэдлэг боловсрол дутуу байгааг харуулах юм. Хэрвээ иргэд бид төрийн бодлого яагаад хэрэгтэй, түүнийг нь иргэд яагаад хэрэгжүүлэх ёстой, улс төрчид нь  төрийн бодлогоо иргэдийн амьдралд хэрэгцээтэй байгаа, тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөн боловсруулах ёстой гэсэн ухамсартай байсан бол өнөөдөр төрийн бодлого болохгүй байна хэмээн ярих илүүц юм.
Өнөөдөр төрийн бодлого тодорхойлоод сууж байгаа хүмүүсийн дунд гэр хорооллын иргэдийн амьдрал, гэдсээ зогоох гэж зах дээр тэрэг түрээд явж буй хүүхдүүд, гэр оронгүй гадуур хэсүүчлээд архи уугаад, хирэндээ баригдаад явж байгаа иргэдийн амьдралыг хараагүй хүмүүс олон байгаа. Яагаад гэвэл тэд хотын хамгийн тохьтой байршилтай, хамгийн тансаг байранд, хамгийн тансаг хоолыг иддэг. Тэдэнд муу юм харагддаггүй. Яагаад гэвэл хаа нэгтээ томилолтоор ажиллахад доод албан тушаалтанууд ажил алба сайн байгаа гэж аль сайхнаараа харагдах гэж сайхан хоол хүнс, сархадаар дайлдаг. Тиймээс л төрийн бодлого иргэддээ хүрч чадахгүй, иргэдийн дийлэнх нь сэтгэл хангалуун амьдарч чадахгүй байна.
Явж явж мэдэхгүй байгаа зүйлийнхээ тухай яаж мэргэн шийдвэр гаргахав дээ. Тиймээс иргэдийнхээ амьдралыг мэддэг хүмүүсийг гаргахад иргэд бидний улстөрийн боловсрол маш их хэрэгтэй байна. Иргэд бид шийдвэр гаргагчдыг хянаж чаддаг, тэдний гаргасан шийдвэрт анализ хийж чаддаг, улстөрийн бодлого, шийдвэрийг бидний төлөө гаргаж байгаа гэдэг өнцгөөс нь авч үздэг байх тийм л ирээдүйг би мөрөөдөж, түүнлүү тэмүүлж байна. Тэр цагт төрийн бодлого жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэдэгт бас итгэж байна.

Comments