Хайр бүхэн жаргалтай байгаасай.

2012-2-12
Гэгээн хайрын учрал бүхэн жаргалтай
Гэнэхэн насны үерхэл бүхэн дурсамжтай
Намайг чамтай учируулсан хором дэндүү эрхэм
Нарт ертөнцөд ганцхан чамайгаа л  хайрланаа.
                               
                               ****                          *****                          ******
Догдолсон сэтгэл минь ганцхан чам руу тэмүүлж
 Дэндүү хайртай шүү гэж чамдаа л шивнэсэн
 Хамтдаа байхдаа дээдийн сайхныг мэдэрдэг
 Хамгаас хайртай чамдаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе?
                               ****                     *****                              ****** 
Хоёр сар гараад ирэхээр хаврын урь ороод нэг л гоё шүү. Ирж яваа цаг гэж малчид, ахмадууд маань ярих дуртай. Хосууд хотын гудамжаар хөтлөлцөн алхах нь ёстой л нөгөө ирж яваа цагийг батлах шиг. Үүнтэй зэрэгцээд бидний хэлж заншснаар “Хосуудын баяр” 2 – р сарын 14 нд тохионо.
Угтаа ямарваа баяр бол бэлгэдэл бүхий, нийгмийн шинж чанартай, амьдралын л нэгэн өдөр. Бид аливаа баяр, тэмдэглэлт өдрийг сэтгэлийн хөөрөл, сайн сайхан хүлээлт, амьдралын чухал мөчөөр тэмдэглэн өнгөрөөдөг. Хэдий баярын өдөр байлаа ч гэсэн чи гунигтай, сэтгэл ханамжгүй байх юм бол баярлаж, хөөрч байгаа хүмүүстэй өөрийгөө харьцуулж хараад улам л гунигтай, амьдрал утгагүй санагдана. Тиймээс баяр хөөр, тэмдэглэлт өдрийг та өөрөө л бүтээдэг гэсэн үг.             
                   
Иймийн учир хайрлаж дурлаж, хэн нэгнээр хайрлуулж буй хэн боловч 2 – р сарын 14 гэгч энэ өдөрт захирагдалгүй, амьдралын өдөр бүр хайраа хайрлаасай гэсэн гэгээн хүсэл тээн ээлжит эргэцүүллээ танд хүргэж байна.  
            Хайр энэ үг үнэхээр аугаа ид шидтэй ажээ. Ээж, аавын, элгэн садны, хосуудын хайр гээд л олон төрөлд хуваагдана. Эдгээр хайруудын хамгийн нийтлэг шинж нь хариу нэхээгүй сайхан сэтгэл байдагт орших юм.
Амраг сэтгэлийн хайрын тухайд:
Өөрийн мэдэлгүй л хайртай гэж байгаа хүндээ тэмүүлж, түүнийхээ төлөө л сэтгэлээ чилээнэ. Энэ бол хайрын мөн чанар бөгөөд хайрыг заавал тайлбарлах шаардлагагүй гэсэн үг.
            Нөгөөтэйгүүр хайр хүнийг аз жаргалд умбуулж, амьдралын хамгийн сайн сайхныг өгч чадна. Хайрлаж дурласан хүн ертөнцийг хамгийн сайхнаар харж, ирээдүй өөд итгэлтэй алхана. Эсрэгээрээ хайр нь бүтээгүй эсвэл, ямар нэг асуудал гарсан тохиолдолд хамгийн арчаагүй нэгэн болж хувирна. Энэ бол хайрын өгч, авахуйн шинж.
            Саяхан “Эр хүний сүр сүлдийг ингэтэл нь доош нь хийж болох уу?” гэсэн утгатай  мессеж авлаа. Хүнд хайртай болно гэдэг тэр хүний буруу биш. Үүнийг мэдсээр байж бид хайрыг хайрлаж чаддаггүй, өөр хэн нэгэн лүү тэмүүлдэг. Энэ бол хайр хүнийг сохор болгодгийн шинж.
            Ихээр бодоход дэлхийн 7 тэрбум хүн, багаар бодоход Монгол улсын 3 сая хүн, түүнээс наашилбал 20000 хүнтэй аймгаас ганцхан хүнийг л сонгож, хайрлаж дурлаж түүнд л чин сэтгэлээсээ хандаж, түүнтэй л байхдаа хамгийн жаргалтай байдаг. Өөрийн мэдэлгүй татагддаг, өөрийн мэдэлгүй сонгодог. Тиймээс хайр бол сонголт юм.
Хайртай хүн нь өөр хүн сонгоход ямар нэг байдлаар түүнд гомдол, цаашлаад хорсол үлддэг. Тэр намайг биш түүнийг сонгосон. Сайхан амьдрахыг нь харъя л даа гэх мэтээр бүтэлгүй хайр ардаа гомдол цөхрөл, харуусал дагуулдаг. Энэ бол хайр нэхэл дагуултайн шинж.
            Ийнхүү  хайрын олон шинжийг дурдаж, олон янзаар тодорхойлж болох юм. Тодорхойлолт их байна гэдэг асуудал өргөн байгаагийн шинж. Тиймээс хайр бол энэ ертөнцийн хамгийн өргөн, хамгийн ид шидтэй, хүний амьдралыг тэтгэгч юм. Гагцхүү түүнийг мэдэрч, хайрлах, хүндэтгэх нь таны хэрэг.
 Эцэст нь  Хайраа хайрлаж, хайрандаа үнэнч байхыг танд санал болгоё.
Хайр бүхэн жаргалтай байхын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж,  гэгээн хайрын баярын мэндийг хүргэе.

Comments